Манай улсад Орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү тэгш ойг тохиолдуулан өнөөдөр салбарынхан чуулж, өнгөрсөн 100 жилийн ололт амжилтыг хэлэлцлээ. Сүүлийн 5 жилд музей бие даасан салбар болж хөгжих эрх зүйн суурь тавигдаж, иргэдэд тэгш хүртээмжтэй соёлын үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Нөгөө талдаа салбарын ажилтнуудын нийгмийн баталгаа сайжирч, гадаад сургалт судалгаанд хамрагдах боломж нэмэгдсэн төдийгүй цаашид музейн салбар тогтвортой хөгжих үндэс бий болсныг онцолж байна.
Монголын сүүлчийн хаан VIII-р Богд Жавзандамба хутагт 1924 онд таалал төгссөний дараагаар түүний Ногоон ордонг музейн байгууламж болгох шийдвэр гаргасан нь эдүгээ Монголын орчин цагийн музейн эхлэл болж байжээ. Түүнээс хойших 100 жилийн хугацаанд манай улс төрийн болон орон нутгийн өмчит 35 музейтэй болсон төдийгүй барилга байгууламж, үйл ажиллагаа, арга барилын хувьд ч олон улстай дүйцэхүйч мэргэжлийн болсныг манай улсын түүхийг зургийн хальснаа баримтжуулсан Японы гэрэл зурагчин Сүгимаяа Тэрүзо хэлж байна.
Манай улсын музейн 100 жилийн түүх нь олон улстай харьцуулахад бага хугацаа. Гэсэн ч сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж байгаагын нэг жишээ нь 2021 онд анх удаа музейн тухай хууль батлагдаж, бие даасан салбар болох эрх зүйн орчин бүрдсэн юм. Тус хуулийн концефц нь салбарыг бүхэлд нь дэмжиж, иргэдэд соёлыг хүртээмжтэй түгээх агуулгатай байна.
Ийнхүү салбарын хөгжил хурдсах боломж бүрдснээр гадаад харилцаа ч даган өргөжиж байна. 2023 оны 10-р сард БНФУ-ын Нантын түүхийн музейд анх удаа Монголын түүх, соёлын сор болсон үзмэрийг олон түмний хүртээл болгож “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдснээр 200 мянга гаруй хүнд хүрсэн юм. Харин энэ жилээс Чингис хаан үндэсний музей Унгарын музейтэй хамтран ажиллахаар болжээ.
Музейн хөгжил зөвхөн Улаанбаатар хотод бус орон нутагт ч өргөжиж байна. Учир нь өнгөрсөн 3 жилийн хугацаан Соёлын яамны бодлогоор соёлын бүтээлч сар аян хэрэгжиж, музейн үйл ажиллагааг тогтворжуулсан төдийгүй иргэдийн идэвхийг нэмэгдүүлсэн байна.
Ийнхүү өнгөрсөн 100 жилийн түүхэнд музей бие даасан хуультай болж, 16 хүртэлх насны хүүхдүүд музейгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломж бүрдэж, соёлын салбарын ажилтнуудын цалин, хангамж нэмэгдсэн нь музейн салбар цогц байдлаар хөгжиж дэлхийд ховорхон нүүдэлчин соёл, үндэсний дархлааг хамгаалах суурь бэхэжсэн гэдгийг салбарын ажилтнууд онцолж байлаа.