2024 оны УИХ-ын ээлжит сонгууль болоход 1 сар орчмын хугацаа үлджээ. Энэ жилийн хувьд УИХ-ын сонгууль ихээхэн онцлогтой болохоор байгаа. Тодруулбал, биднийг төлөөлж 76 гишүүн бус харин 126 гишүүн их хуралд сууж, саналын хуудсанд ч өөрчлөлт орсон юм. Тиймээс иргэд хариуцлагатайгаар сонгуулиа өгөх хэрэгтэйг СЕХ-оос уриалж байна.
Энэ жил УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчилсэн аргаар буюу 13 тойрогт хуваасан. Ингэснээр тойрог томсож, мандатын тооноос хамаарч иргэд нэр дэвшигчдийг сонгоно. Тухайлбал, та Баянзүрх дүүрэгт амьдардаг бол 5 нэр дэвшигчийг сонгохоос гадна, 1 нам, эвслийг сонгох юм.
Зөөврийн санал хураалт сонгуулийн санал авах өдрийн өмнөх өдөр буюу 06-р сарын 27-ны өдөр зохион байгуулагдах юм. Харин гадаадад оршин суудаг иргэд сонгуулийн санал өгөхдөө заавал урьдчилан бүтргүүлэх шаардлагатай. Тодруулбал, 06-р сарын 15-ны өдрөөс өмнө сонгуульд оролцоно гэсэн бүртгэлээ цахимаар хийж, 06-р сарын20-оос 06-р сарын 23-ны өдөр саналаа өгөх юм. Нэг онцлог зүйл нь гадаадад оришин сууж буй иргэд зөвхөн нам, эвсэлд саналаа өгнө гэдгийг СЕХ-оос мэдээллээ.
Мөн санал өгөх өдөр ААН, байгууллагууд ажилчдадаа чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах ёстой. Хэрэв удирдах албан тушаалтан ажилчдаа сонгуулийн санал өгөх боломжоор хангаагүй бол зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ.
Сонгуулийн санал авах байрнуудад нэмэлт хэрэгслүүд байршуулна. Тухайлбал, иргэд саналаа нууцлах үүднээс хавтасанд хийж санал тоолох төхөөрөмж рүү авч явах байдлаар бэлтгэлийг хангана. Мөн харааны бэрхшээлтэй иргэд болон өндөр настнуудад зориулан томруулдаг шилийг бүх санал авах байруудад байршуулах юм байна.