Өнгөрсөн Даваа гарагт Лондон хотын шүүх “Викиликс” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжийг тагнуул хийсэн хэргээр АНУ-д шилжүүлэн өгөх шийдвэрийг давж заалдах боломжтой гэж үзлээ. Өдгөө 52 настай Жулиан Ассанж нь “Викиликс” сайтаараа дамжуулан АНУ-ын нууцад хамаарах баримт бичгүүдийг олон нийтэд дэлгэсэнтэй холбоотой тагнуулын 18 хэрэгт буруутгагдан нэгдсэн улс даяар эрэн сурвалжлагдаж байгаа юм.
2012 онд Жулиан Ассанж Их Британи дахь Эквадор улсын элчин сайдын яамнаас орогнол хүсэж тэндээ 7 жилийн хугацааг өнгөрүүлсэн юм. Харин 2019 онд Эквадорын Засгийн газар түүний орогнол хүссэн өргөдлийг хүчингүйд тооцсоны дараа Лондоны цагдаа нар Жулиан Ассанжийг баривчилж, барьцаагаар суллах нөхцөл, Их Британийн татварын хэд хэдэн хуулийг зөрчсөн хэрэгт буруутгаад байгаа юм.
Хэдийгээр өнгөрсөн 2022 онд Их Британийн шүүх Жулиан Ассанжийг АНУ-ын хуулийн байгууллагад шилжүүлэн өгөх шийдвэр гаргасан ч шийдвэр гүйцэтгэх огноог тогтоож өгөлгүй өдийг хүрээд байна.
Лондон хотын дээд шүүхийн бүрэлдэхүүн Жулиан Ассанжийг АНУ руу шилжүүлэн өгвөл түүний үг хэлэх эрх чөлөөг нь хангалттай хамгаалж чадахгүй байх вий гэсэн болгоомжлол байгаа гэдэгт шинжээчид итгэлтэй байна. Учир нь өнгөрсөн Даваа гарагт Лондон хотын Дээд шүүх Жулиан Ассанжийг шилжүүлэн өгөх Их Британийн Дээд шүүхийн шийдвэрийн эсрэг яллагдагч давж заалдах эрхтэй гэж үзсэн байна. Лондон хотын шүүх бүрэлдэхүүн “АНУ-ын прокурорууд яллагдагчийг шилжүүлэн авсныхаа дараа суурь эрхийг нь хамгаалах асуудалд хангалттай баталгаа гаргаж өгөөгүй, мөн Австралийн иргэн Жулиан Ассанж гуравдагч улсад иргэншлээрээ ялгаварлан гадуурхагдаж болзошгүй, эдгээр шалтгаан нь түүний ял, шийтгэлийн хэмжээнд нөлөөлж магадгүй тул Их Британи улсын Дээд шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй гэж үзсэн байна. Харин давж заалдах шатны шүүхийн тов хараахан зарлагдаагүй байна.
Жулиан Ассанжийн эхнэр болон түүний дэмжигчид шүүхийн шийдвэрт талархаж байгаагаа илэрхийлж, АНУ-ын хууль сахиулах байгууллага шүгэл үлээгчид холбогдох тагнуулын хэргийг хэрэгсэхгүй болгож, хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болгох ёстой гэж мэдэгдсэн байна.