УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах үйл явц сонгуулийн түүхэнд урьд өмнө тохиож байгаагүй, мөн зарим намын хувьд улс төрийн амьдралд цоо шинэ салхи оруулсан, дэвшилтэд үйл явц болж байна гэж иргэд сонгогчидүзэж байна. УИХ-ын 2024 оны УИХ -ын сонгуульд оролцохоор батламжаа гардаж авсан улс төрийн намууд өчигдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодрууллаа. Энэ жил тус сонгуульд намууд жагсаалтаар 48, харин тойргоор 78 нэр дэвшигчийг тодруулж байгаа юм.
----Иргэд сонгогчид МАН-аас намын жагсаалтаар нэр дэвшигчдийг тус намын дарга, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүлнэ гэсэн хүлээлттэй байсан. Гэсэн ч тэрээр сонгуулийн тойрогт нэр дэвшихээр болсон байна. Тэгвэл энэ жагсаалтыг Токиогийн их сургууль төгссөн инженер мэргэжилтэй Г.Лувсанжамц тэргүүлсэн бөгөөд жагсаалтын эхэнд гадаадын томоохон их, дээд сургууль төгссөн чадварлаг залуу мэргэжилтнүүд, улс төрийн ямар нэг намтар түүхгүй, салбар бүрийн төлөөлөл болсон иргэд байгаад сонгогчид ам сайтай байна.
----Тэгвэл АН-ын хувьд намын жагсаалтаар нэр дэвшигчдийн 50 хувь нь гадаадын улс орнуудад боловсрол эзэмшсэн хүмүүс байгаа бол шинээр нэр дэвшиж буй залуучууд 50 хувийг нь эзэлж байгаа юм. Гэвч жагсаалтын эхэнд намын дарга нь өөрийгөө тавьсныг сонгогчид таагүй хүлээн авч байгаагаа цахим сүлжээнд илэрхийлсэн байна.
----Харин ХҮН намын жагсаалтаар нэр дэвшигчдийн хувьд өндөр боловсролтой залуус байгаа гэж тус намаас мэдээлж байгаа. Тэдний 70 хувь нь магистр, докторын зэрэгтэй нэр дэвшигчид байна. Мөн тус намаас нэр дэвшигчдийн 46 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бол эрэгтэйчүүд 54 хувийг эзэлжээ.
----Энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН-ын гишүүнчлэлээс татгалзсан, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын тэргүүлж буй Үндэсний эвсэл нам сонгогчдын анхаарлыг багагүй татаж байгаа. Тус намын хувьд УИХ-д нийт 126 бус харин 76 гишүүнийг нэр дэвшүүлж байгаа бөгөөд эдгээр 76-аас 64 нь нам бус нэр дэвшигчид байгаа юм.
УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдийн нэрсийг ийнхүү 23 нам, 2 эвсэл нь хуулийн хугацаанд тодруулж дууслаа. Одоогоор МАН, АН, ХҮН, Үндэсний эвсэл зэрэг тэргүүтэй намууд нь олон нийтэд нэр дэвшигчдийн жагсаалтаа зарлаад байгаа. Харин зарим нам нэр дэвшигчдээ олон нийтэд зарлаагүй байгаа юм. Үүнд ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй буюу тухайн намын гишүүд үнэмлэх авахаас өмнө зарлах, зарлахгүй байхыг намууд өөрсдийн зохицуулалтаараа шийдэх юм. Үүний дараа нам, эвслүүд тодруулсан нэр дэвшигчдийнхээ жагсаалт, баримт бичгийг 5-р сарын 25-ны дотор СЕХ-нд хүргүүлэх юм. СЕХ-оос жагсаалт, баримт бичгийг хүлээн авч, улмаар ирэх 6-р сарын 1,2 гэхэд нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Ингэснээр нэр дэвшигчдэд үнэмлэх олгож, 6-р сарын 10-нд нийтэд албан ёсоор мэдээлнэ.