2023 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд "Ногоон автобус"-ны худалдан авалтыг УИХ-ын нэр бүхий 24 гишүүний оролцоотойгоор төрийн болон албаны нууцад хамааруулж, шууд гэрээ байгуулах замаар нийт 318 тэрбум төгрөгөөр худалдан авсан хэрэг гарсан. Тэгвэл өнөөдөр автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол эхэллээ. Нээлттэй сонсголоор худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан, нийтийн тээврийн автобус худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байдлын талаарх нотлох баримтыг шинжлэн судалжээ.
Нийтийн тээврийн автобус худалдан авах төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн шийдвэр, түүний үндэслэл сэдвийн хүрээнд 14 гэрч дуудагдсан байна. Өнөөдрийн сонсголд Нийслэл хотын засаг дарга асан Д.Сумьяабазар гэрчээр оролцох байсан ч иргээгүй юм. Ногоон автобусны худалдан авалтыг нууцад хамруулж гэрээ байгуулах замаар авсан талаар шинжээч танилцуулсан. Мөн хянан шалгах түр хорооноос ногоон автобусны хулгайг анхнаасаа зохион байгуулалттай төлөвлөсөн гэж үзэж байна.
Шинжээчийн дүгнэлтээр өнгөрөгч 2023 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр автобусны хөдөлгүүрээс шалтгаалж, үнийн өөрчлөлт орсон тул шинээр авах 606 автобусны тоог 600 болгож бууруулах санал ирснээр гэрээнд өөрчлөлт оруулсан. Тухайн гэрээнд өөрчлөлт оруулсан боловч 6 автобусны зөрүү үнийг хасаж тооцоогүй байжээ. Тодруулбал: Нэг автобус тус бүрийн үнэ 336 сая 283 мянга төгрөг буюу 6 автобусны зөрүү үнэ нийт 2 тэрбум 18 сая орчим төгрөг байжээ. Тэгвэл худалдан авалт хийхдээ уг мөнгөн дүнг хасаж тооцоогүй гэдгийг шинжээч тогтоожээ.