Нийт сонгогчийн хэдэн хувь нь тухайн намд санал өгснөөс шалтгаалж 48 суудлаас хэдэн суудал авах нь тодорхой болно

Энэ удаагийн сонгуулиар тойрогт нэр дэвшигчид сонгогчийн саналаар шууд гарч ирэх бол намын жагсаалтаар нэр дэвшигчид хувь тэнцүүлсэн аргаар суудалд хуваарилагдана. Өөрөөр хэлбэл, нийт сонгогчдын хэдэн хувь нь тухайн намд санал өгснөөс шалтгаалж 48 суудлаас хэдэн суудал авах нь тодорхой болох юм.

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар сонгогч хоёр саналын хуудас бөглөнө. Нэг нь тойрогт нэр дэвшигчийг сонгох хуудас байх бөгөөд мандатын тоотой тэнцүү нэр дэвшигчийн нэрийг дугуйлах юм. Харин нам эвслийг сонгох хуудаст энэ удаагийн сонгуульд оролцох 23 нам 2 эвслийн нэр бичигдэх бөгөөд сонгогч та зөвхөн нэг л нэрийг дугуйлах эрхтэй. Ингэснээр нийт сонгогчдын саналыг хувиар тооцоолж 48 суудлыг санал авсан намуудад хуваарилах юм.

Тэгвэл 48 суудлыг 100 хувь гэж тооцвол нэг суудалд нийт сонгогчийн 2 хувийн санал ногдож байна. 4-р сарын эцсийн байдлаар нийт 2 сая 200 мянга сонгогч бүртгэгдээд байгаа бөгөөд өмнөх тооцооллоор бодож үзвэл ойролцоогоор нэг намд 44 мянган сонгогч саналаа өгөхөд УИХ-д нэг суудалтай болох боломж бий болж байна. Тиймээс энэхүү хувь тэнцүүлэх тогтолцоо нь бүх нам эвсэлд тэгш боломж олгож, сонгогчийн санал гээгддэггүй давуу талтай байна.

Мөн намууд жагсаалтын нэрсийг эрэгтэй, эмэгтэй гэсэн дарааллаар бичих ёстой байна. Мөн жагсаалтаар нэр дэвшигчид тойрогт нэр дэвшигчидтэй адил хуулийн шаардлага хангасан байх ёстой бөгөөд сурталчилгааны хувьд тухайн нам нь зохион байгуулах ёстой байна.