Аялал жуулчлалд хамгийн таатай улс орон, бүс нутгийн жагсаалтыг АНУ тэргүүлсэн бол Монгол улс 85-р байрт эрэмбэлэгджээ

Өнгөрсөн Мягмар гарагт дэлхийн эдийн засгийн форумаас нийтэлсэн аялал жуулчлалын салбарын хөгжлийн тайланд АНУ байгалийн болон соёлын нөөц, тээврийн дэд бүтцээрээ өндөр оноо авснаар аялал жуулчлалд хамгийн таатай улс орон, бүс нутгийн жагсаалтыг тэргүүлсэн байна. Жагсаалтын дэд байрт Испани улс, харин гуравдугаар байрт Япон улс эрэмбэлэгдсэн бол шалгуур үзүүлэлтээр Монгол улс 119 орноос 85-р байрт жагссан байна.

Япон улс 2024 он гарсаар дэлхийн хэмжээнд хамгийн их жуулчин татаж чадсан бөгөөд Ази Номхон далайн бүс нутгийн хамгийн өндөр чансаатай орноор тодорчээ.

2021 онд коронавирусын тахлын үеэр гаргасан тайланд Япон улс 1-р байрт жагсаж байсан бол АНУ хувь хүний хөгжил, боловсролын шалгуураар тэргүүлсэн төдийгүй археологийн дурсгалт газрууд, үзвэр үйлчилгээ зэрэг соёлын нөөцөөр дэд байрт эрэмбэлэгдэж байжээ. Мөн  АНУ авто зам, төмөр замын сүлжээ, газар доорх бүтээн байгуулалт болон боомтын дэд бүтцээр гуравдугаар байрт жагсаж байсан түүхтэй.

Тэгвэл энэ жилийн тайланд Япон улс томоохон корпорацууд болон нэр хүндтэй их дээд сургуулиудынхаа тоогоор өндөр оноо авсан ч үнийн өрсөлдөх чадвар, аялал жуулчлалын үйлчилгээ, дэд бүтцийн үзүүлэлтээрээ харьцангуй доогуур оноо авснаар гуравдугаар байр руу унасан байна.

Нийт 119 улс орон, бүс нутгийг дүгнэсэн жагсаалтын 4-р байрт Франц, тавдугаар байрт Австрали улс орсон бол  Ази, Номхон далайн орнуудаас БНХАУ наймдугаарт, Сингапур улс 13-т, харин БНСУ 14-т тус тус жагсжээ.