Мягмар гарагт ОХУ-ын Батлан хамгаалах яам тактикийн цөмийн зэвсэг хөөргөх, хиймэл байд цохилт өгөх бэлтгэл сургуулилалтаа эхлүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан тус улсын зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов барууны өдөөн хатгасан үйлдэл, аюул заналхийллийн эсрэг хариу арга хэмжээ авч байгаагаа талаар мэдээлсэн байна.
Өнгөрсөн Мягмар гарагт ОХУ-ын Батлан хамгаалах яам тактикийн цөмийн зэвсгийн бэлтгэл сургуулилалтаа явуулж байгааг нотлох дүрс бичлэгийг цахим хуудастаа нийтэлсэн байна. Үй олноор хөнөөх зэвсгийн сургуулилалт ОХУ -ын зэвсэгт хүчний хяналтад байгаа Украины зарим бүс нутагт, хоёр улсын хилийн зурваст болж байна. Дүрс бичлэгт ОХУ -ын зэвсэгт хүчин "Искандер" нэртэй хөдөлгөөнт, ойрын тусгалтай пуужингийн системийг ашиглаж байгааг харуулсан байна. Мөн нисэхийн анги нэгтгэл "Кинжал" хэмээн нэрийдсэн хэт авианы пуужинг байлдааны хошуугаар хэрхэн тоноглох талаар бэлтгэл сургуулилалт хийж байгааг өгүүлжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тактикийн цөмийн зэвсгийн бэлтгэл сургуулилалтыг гурван үе шаттай явуулах тушаал өгсөн бөгөөд Беларусийн арми хоёрдугаар шатны дадлага ажилд нэгдэхээр төлөвлөснийг тэрээр хэлсэн байна. Беларусь улс нутаг дэвсгэртээ Оросын зарим тактикийн цөмийн зэвсгийг хэдийн байрлуулаад байгаа юм.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон НАТО-ын хуурай замын цэргийг Украин руу илгээх байр сууриа дахин илэрхийлсний дараа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Өрнөдийн өдөөн хатгасан үйлдлийн хариу болгож цөмийн зэвсгийн бэлтгэл сургуулилалт явуулахыг үүрэгдсэн юм. Түүнчлэн Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Кэмерон Украины арми ОХУ-ын газар нутгийн гүнд цохилт өгөхдөө тэдний нийлүүлсэн зэвсгийг ашиглаж болох зөвшөөрлийг олгосон юм.
Тэгвэл өнгөрсөн Мягмар гарагт ОХУ-ын Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов энэхүү сургуулилалт нь барууны орнууд болон түүний Киев дэх "Утсан хүүхэлдэй"-д дохио өгөх зорилготойг онцолсон байна.
Тактикийн цөмийн зэвсэг нь хот тосгон, иргэний дэд бүтцийг бүхэлд нь устгахад зориулалттай стратегийн цөмийн зэвсгээс хор хөнөөл багатай гэдэг ч аюулын цар хүрээг тодорхойлох боломжгүйг шинжээчид хэлж байна.