УСУГ-аас Яармаг орчмын ус дамжуулах гол шугам хоолойг 6-р сарын 15-аас сольж эхлэх төлөвлөгөөтэй байна

Яармаг орчмын оршин суугчид зэвтэй ус хэрэглэж эрүүл мэнд эд, хөрөнгөөрөө хохироод багагүй хугацаа өнгөрч байна. Тэгвэл 6-р сарын 15–аас тус хэсгийн ус дамжуулах чанаргүй гол шугамыг солих ажлыг эхлүүлэх бөгөөд ирэх намартаа багтаан  дуусгана гэж УСУГ-аас мэдээлжээ. Энэ ажилтай холбоотойгоор 2024 оны нийслэлийн төсөвт 6 тэрбум төгрөг тусгажээ.

Яармагийн Вива Сити, Ханбогд хороолол орчимд байрлах 4.8 км урт стандартын шаардлага хангаагүй гол усны шугам хоолойг сольж байж тухайн бүсийн айл өрхүүдийн зэвтэй усны асуудал шийдэгдэх юм. Одоогоор энэхүү гол шугам хоолой нь ган хийцлэлтэй, зэвэнд идэгдсэн, чанарт нь өөрчлөлт орсон нөхцөл байдалтай байгаа юм байна. Энэ 6-р сарын 15-аас эхлэн тус гол шугам хоолойг солих ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Солиход багагүй хугацаа зарцуулна гэж УСУГ-аас мэдээллээ.

Харин Яармагийн байр орон сууцуудын зэвийг үүсгэж буй гол шугам хоолойг сольсон ч ус нь зэвтэй, үнэртэй, тостой гарч байвал орон сууц барьсан компанидаа шаардлага тавьж өөрийн байр луу татсан шугамыг солиулах хэрэгтэй юм.

Нийслэлд яармаг орчим гэлтгүй нисэхийн эцэс, зайсан гээд зэвтэй, тостой, үнэртэй усны асуудал үүсээд байгаа. Тус хэсгийн оршин суугчид усны асуудлаас шалтгаалж эрүүл мэнд цаашлаад эдийн засгаараа ч хохирч байгаа юм. Зэвтэй уснаас үүдэн хувцас хэрэглэл өнгө орохгүй шарлах, хумс, үсэнд хүртэл өөрчлөлт үүсэж байгаа талаар оршин суугчид ярьж байна.

Яармаг орчмын чанарын шаардлага хангаагүй 4.8 км шугамаас бусад хотхонууд салаалуулж шугамаа татаж авснаар зэвтэй ус гарч байгаа. Цаашлаад зөвхөн Яармаг орчмын байр гэлтгүй нийслэлийн олон байршилд чанаргүй шугам хоолой тавьснаас үүдэж усны асуудал үүсэж байна. Тиймээс тухайн барилгыг хүлээн авч байгаа эрх бүхий албан тушаалтнууд  хариуцлагатай байх хэрэгтэй. Нөгөө талаас чанаргүй шугам хоолой тавьж байгаа барилгын компаниуд ч иргэдийг хохироохгүй байх хэрэгтэй гэдгийг оршин суугчдын зүгээс хэлж байна.