Ногоон автобусыг хилээр оруулахад 5.6 тэрбум төгрөгийн татвар төлөх байсан ч татвараас чөлөөлөгджээ

Ногоон автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр 2 дахь өдрөө үргэлжилж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНСУ-аас Daewoo брэндийн евро дизель хөдөлгүүртэй “Daewoo” брэндийн 100 автобусыг худалдан авах ажлыг зохион байгуулсан нь ил болсон бөгөөд авто тээврийн үндэсний төвөөс хийсэн техникийн хяналтын үзлэгт 99 нь тэнцээгүй буюу стандарт шаардлага хангаагүй байна. Уг нь хуучин автобусыг засварлаж хилээр оруулж ирэхэд 5.6 тэрбум төгрөгийн гаалийн татвар ногдох зохицуулалттай ч уг татвараас чөлөөлөгдсөн нь тогтоогдсон байна.

Авто тээврийн үндэсний төвөөс шалгаснаар автобусны арлын дугаарын бүртгэл нь 1993 онд үйлдвэрлэгдсэн гэж үзэж байжээ. Харин нийслэлийн нийтийн тээврийн газраас тухайн автобуснуудыг үйлдвэрээс гарсан цагаас нь авхуулаад хүлээж авах хүртэл нь ажлын хэсэг хариуцан ажилласан талаар мэдээлсэн байдаг. Мөн үйлдвэрийн нөхцөлд технологийн шаардлага хангаагүй будсан, арал дээрх мэдээллийг засварласан байх магадлалтай гэдгийг шинжээчид тогтоожээ. Хэрэв хилээр хуучин засварласан автобус оруулсан гэдэг нь тогтоогдвол 5.6 тэрбум төгрөгийн татвар ногдуулах зохицуулалттай байжээ.

Ногоон автобусыг хүлээн авах ажлын хэсэг 15 гишүүнтэй ажиллажээ. 2023 оны 8-р сарын 14-ний өдөр их багтаамжийн дизель хөдөлгүүртэй Daewoo bus 106 маркийн 20 автобусыг хүлээн авч, ажлын хэсгийнхэн акт үйлдэхэд тус 20 автобуснуудад ажлын даалгавар болон техникийн 8 төрлийн зөрчил илэрчээ. Үүнээс үүдэн уг автобуснуудыг хүлээж авах боломжгүй гэдгийг удирдлагууддаа танилцуулжээ. Харин удирдлагуудын зүгээс Засгийн газрын чиглэлийн дагуу эдгээр автобуснууд есдүгээр сарын 1-н гэхэд орж ирсэн байх заалттай байсан тул хүлээн авахаас аргагүй гэх хариултыг өгчээ. Ийнхүү худалдан авалт хийхэд хүрсэн гэдгийг Нийслэлийн нийтийн тээврийн ачаа тээврийн хэлтсийн даргын албан үүрэг орлогч Б.Мөнхболд сонсголд оролцохдоо хэлсэн юм.