Даваа гарагт Папуа Шинэ Гвиней улсын гамшгийн үндэсний төвөөс мэдээлснээр Энга мужийн ойролцоо 2000 орчим оршин суугч хөрсний гулгалтад дарагдсан төдийгүй аврагчид болон сайн дурынхан шавар, хадархаг чулуун дороос хүмүүсийг татан гаргах оролдлого хийж байгаа юм байна.
Мөн бүс нутгийн Ямбали тосгоны 150 гаруй байшин шавар уруйд дарагдсанаар, 100 гаруй хүн амиа алдсан нь тогтоогджээ. Ази тивийн хөгжил тааруу улсад гамшиг тохиолдсон нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Аврагчид алслагдсан бүс нутагт хүрч ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа бол шавар чулуунд дарагдсан хүмүүсийг татан гаргахын тулд гар доорх багаж ашиглаж байгаа тухай Ройтерс агентлаг мэдээлж байна. Шинжээчид их хэмжээний хур тунадас орсноор уулнаас чулуу, шавар бууж, нам дор хэсэгт байрлах суурин газарт хүрсэн гэж үзжээ. Уулнаас хөл бөмбөгийн дөрвөн талбайг нийлүүлсэн хэмжээний хөрс гулгаж, байшин барилгуудыг нөмөрсөн нь дүрс бичлэгээс харагдаж байгаа юм. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан БНХАУ, АНУ, турк зэрэг хэд хэдэн улсын Засгийн газар аврагчдаа илгээх санал хүргүүлээд байгаа юм байна.
Тэгвэл өнөөдөр буюу Мягмар гарагт НҮБ-ын албаныхан Папуа Шинэ Гвиней улсын алслагдсан хойд бүс нутагт тохиосон байгалийн гамшигт үзэгдлийн уршгаар 670 орчим оршин суугч амиа алдсан тухай мэдэгдлээ. Папуа Шинэ Гвиней улс нь албан ёсоор 10 сая орчим хүн амтай, байгалийн нөөц баялаг ихтэй улс юм. Гэвч хөрш улс оронтой харьцуулахад Папуа Шинэ Гвиней эдийн засгаа орхигдуулж, ядуурал өргөн хүрээг хамарснаар гэмт хэргийн гаралт нэмэгдсэн тул энэхүү үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж байна.
Олон зуун овог аймгууд тус улсын алслагдсан, ихэвчлэн хүрч очих боломжгүй уулархаг бүс нутагт тархан амьдардаг байна. Хэдийгээр Газан нутаг нь өргөн уудам, уулархаг боловч дэд бүтэц хөгжөөгүйн улмаас оршин суугчид ус, цахилгаан, ариун цэврийн байгууламжаас тусгаарлагдсан байдаг тул наад захын үндсэн хэрэгцээгээ хангаж чаддаггүй байна.