Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяаху агаарын цохилт өгөхдөө байж боломгүй алдаа гаргаж,  олон арван энгийн номхон иргэний амийг хөнөөснөө  хүлээн зөвшөөрчээ
Өнгөрөгч Ням гарагт Израилын зэвсэгт хүчин Газын зурвасын өмнөд хэсэгт орших Рафа хотод толгой хорогдож байгаа энгийн номхон иргэдийг онилон агаарын цохилт өгсний уршгаар 45 хүн амиа алдсан талаар мэдээлээд байна. Тэгвэл Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяаху агаарын цохилт өгөхдөө байж боломгүй алдаа гаргаж,  олон арван энгийн номхон иргэний амийг хөнөөснөө  хүлээн зөвшөөрчээ.

Даваа гарагт Израилын ерөнхий сайд Б.Нетаньяху эмгэнэлтэй алдаа гаргаж, олон арван энгийн номхон иргэдийн амийг хөнөөсөн хэрэгт хариуцлага тооцно гэдгээ мэдэгдлээ. Тэрээр "Рафа хотод 1 сая гаруй энгийн номхон иргэнийг хэдийн нүүлгэн шилжүүлж, байлдааны ажиллагаанд хамааралгүй хүмүүст хор хөнөөл учруулахгүй байхын тулд бүхнээ дайчилсан боловч харамсалтай нь алдаа гаргалаа” хэмээн мэдэгдсэн байна. Мөн Б.Нетаньяху бодлогын түвшинд хэрэг явдлыг нарийн хянан шалгаж, дүгнэлт гаргахаа хэлжээ.

Өнгөрсөн Ням гарагт гарагт Рафа хотод майханд хоног төөрүүлж байгаа гэм зэмгүй олон мянган иргэн Израилын пуужингийн цохилтод өртсөн байна. Агаарын цохилтын үеэр майхнууд шатах үеэр 45 хүн амиа алдсан гэж ОУ-ын хүмүүнлэгийн байгууллагууд мэдээлсэн юм. Израилын зэвсэгт хүчний түрэмгий үйлдлийг Өрнөдийн улс орнуудын хууль тогтоогчид хурцаар шүүмжилж, дайн байлдааны ажиллагааг үтэр түргэн зогсоохыг шаардсан төдийгүй Хамас зэвсэгт байгууллага Израилын барьцааны хүмүүсийг болзолгүй суллах ёстойг уламжилсан байна.

Тэгвэл пуужингийн довтолгооны үеэр амиа алдагсдын талаас илүү хувь нь хүүхэд эмэгтэйчүүд болон өндөр настнууд байжээ. Мөн майхнууд шатсаны уршгаар олон зуун дүрвэгч түлэгдэж, шархадсан ч эмнэлгийн яаралтай тусламж авч чадахгүй байгаа тул амиа алдагсдын тоо өсөн нэмэгдэх төлөвтэй байна.

АНУ-ын Засгийн газраас Рафа хотод оршин сууж байгаа энгийн номхон иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд боломжтой бүх арга хэмжээгээ авахыг Израилын эрх баригчдад уриалсан боловч агаарын довтолгоотой холбоотой анхааруулга өгөөгүй байна. Харин Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Израилын пуужингийн цохилтод эгдүүцэж байгаа гэдгээ мэдэгдэж, түрэмгийллээ яаралтай зогсоохыг Израилын Засгийн газраас шаардсан байна.