“Цагаан алт” хөтөлбөрийг 2.2 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ

Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг ерөнхийлөгчийн тамгын газраас УИХ-д өргөн барилаа. Уг тогтоолын төсөл батлагдсанаар олон улсын стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай, гарал үүсэл чанарын баталгаатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэн ч өснө гэж тогтоолын төсөл боловсруулагчид үзжээ.

Энэхүү тогтоолын төслийн хүрээнд Цагаан алт төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Манай улс 48 мянган тн ноос ноолуур бэлтгэх нөөцтэй.  Үүний 37 мянган тн нь хонины ноос, 10 мянга нь ямааны ноолуур, 2,000 нь тэмээний ноос, 400 тн нь сарлагийн хөөвөр байна. Тэгвэл эдгээрээс зөвхөн  70 гаруй хувийг нь угааж экспортод гаргадаг байна. Тиймээс цаашид ноос, ноолуурыг дотооддоо бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, экспортын орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэх юм байна.

Цагаан алт хөтөлбөрийн нийт төсөв 2.2 их наяд төгрөг бөгөөд үүнээс 682.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Арилжааны банкууд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд 1,5 их наяд төгрөгийн зээл олгох, мөн гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг цагаан алт хөтөлбөртэй уялдуулахаар төлөвлөжээ.. Ингэснээр нийт 3 жилийн хугацаанд ноос, ноолуур  арьс шир  боловсруулалтын түвшин нэмэгдэж, экспорт өсөж, үүний хэрээр  ажлын байр нэмэгдэнэ гэж тооцоолсон байна. Мөн  аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 800 орчим сая ам.долларт хүрэх төлөвтэй байгааг тогтоолын төсөл боловсруулагчид танилцууллаа.

Өнгөрсөн онд л гэхэд дотоодын үйлдвэрүүд 12.5 сая орчим арьс шир боловсруулж чадаагүй байна. Үйлдвэрлэл технологийн хүчин чадал муутайгаас шалтгаалан жил бүр ийм хэмжээний алдагдлыг хүлээсээр байгаа нь шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын нэг болжээ. Улмаар салбарт  тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь зүйтэй гэж үзэн уг тогтоолын төслийг боловсруулжээ.