Улаанбаатар хотоос жилд 1.4 сая орчим тонн хог хаягдал үүсдэгээс 15-30 хувь нь барилгын хог гардаг байна. Тэгвэл энэ хэмжээний барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрийг Морингийн даваа орчимд байгуулж байна. Барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулснаар хайрга, дайрга гаргаж авах юм. Үүнийг эдийн эдийн засгийн эргэлтэд оруулах учраас ач холбогдол өндөр, үр өгөөжтэй бүтэн байгуулалт болж байгааг албаныхан мэдээлж байна.
Хатуу хог хаягдлыг дахин боловсруулах тус үйлдвэр нь Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл болон европын холбооны буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа юм байна.
Мөн Улаанбаатар хотод хатуу хог хаягдлаас бусад хог хаягдлыг ангилж хүлээн аван шатааж, эрчим хүч гарган авах үйлдвэрийг Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн цэгт байгуулахаар ажиллаж байна.
Хог хаягдлаас эрчим хүч гарган авдаг Швед улс нь жилд 2 сая тонн хог хаягдлыг шатаан эрчим хүч үйлдвэрлэдэг. Шведийн нийт хог хаягдлын 1 хувь нь л хогийн цэг дээр очиж үлдсэн 99 хувийг дахин боловсруулж, эрчим хүч гаргахад ашигладаг байна.