Улсын хэмжээнд 58 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн дийлэнх нь өрхийн орлого багатай айл өрхийн хүүхдүүд эзэлж байна. Үүнээс гадна судалгаанд хамрагдсан 1658 хүүхдээс асуумж бөглүүлэхэд хүүхдүүд өөрийнхөө дуртай зүйлсийг авахын тулд, эцэг эх гэр бүлдээ дарамт болохгүйн тулд, эцэг эх асран хамгаалагчийнхаа өрийг төлөлцөхийн тулд, бусдын шахалтаар ажил хийсэн зэрэг хариултыг өгч байжээ. Түүнчлэн судалгааны үр дүнгээр хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүүхдийн 42 хувь нь аюултай ажил хийдэг юм байна. Мөн амьжиргааны түвшнээс доогуур, эцэг эх нь архины хамааралтай гэр бүлийн хүүхдүүд хөдөлмөр эрхлэх нь түлхүү ажиглагддаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Улмаар ажил олгогчид цалин хөлс олгохдоо дутуу олгох, илүү цагаар ажиллуулах зэрэг хөдөлмөрийн мөлжлөгт өртөх тохиолдол цөөнгүй байна
Хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн бага насны хүүхдүүд төдийлөн ил гаргаж гомдол мэдүүлдэггүй. Тиймээс эрхээ хамгаалуулж чаддаггүй байна. Хүүхдийн эрхийг хамгаалах олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хөдөлмөрийн тухай хуульд 13-15 насны хүүхдийн нас биеийн онцлогт тохирсон хөнгөн хөдөлмөр эрхэлж болно гэж тусгажээ. Харин хүүхдэд хөдөлмөрийн мөлжлөг үйлдсэн аан, албан байгууллагад зөрчлийн хэрэг нээн улсын байцаагч холбогдох арга хэмжээг авч ажилладаг байна. Түүнчлэн монгол улс 2021 онд хөдөлмөрийн тухай хуулиа шинэчлэн баталж ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчимд “Хүүхдийн хөдөлмөрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах” зохицуулалтыг хуульчилж өгчээ.
Хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн дийлэх нь хөдөө аж ахуй, барилга, уул уурхай, худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж байна. Хөдөлмөр эрхлэх хүүхдийн тоо жил ирэх тусам буурч байгаа хэдий ч хөдөлмөрийн мөлжлөгт өртөх тохиолдол гарсаар байна. Түүнчлэн бага насны хүүхдийн хөдөлмөр эрхэлсэн цалин хөлсийг цалингийн доод хэмжээнд дүйцэхүйц байхаар хуульчилсан боловч судалгаанд хамрагдсан хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн 78 хувь нь цалин хөлсөө авч чадаагүй гэж хариулжээ.
Цаашид ажил хөдөлмөрлөлтийг илрүүлэх, мэргэжилтнүүдэд арга зүйн зөвлөмж өгөх, мэргэшүүлэх, хүүхдийн хөдөлмөрийн талаар зөв ойлголт мэдлэг олгох, зөвшөөрөх, зөвшөөрөгдөхгүйн шинжүүдийг ялгаж таних чадварт сургах хэрэгтэй гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.