Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын нэрээ нууцалсан албаны эх сурвалжууд барууны орнуудын хууль тогтоогчид болон Украины ерөнхий В.Зеленський нар Кремлийн тэргүүн В.Путины саналыг үгүйсгэсэн байж магадгүй талаар ам нээсэн байна. Мөн В.Путин одоогийн фронтын шугамын дагуу хилийн зорвоос тогтоох түүний саналыг үл ойшоож байгаа явдалд сэтгэл дундуур байгаа гэж эх сурвалжууд хэлсэн байна.
Ройтерс агентлаг нэрээ нууцлахыг хүссэн ОХУ-ын төрийн өндөр дээд албан тушаал хашдаг таван өөр эх сурвалжаас эш татан мэдээлсэн байна. Тэгвэл Өрнөдийн хэвлэлүүд энэ талаар мэдээлж эхэлсний дараа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин энхийн хэлэлцээг дахин эхлүүлэх ёстой хэмээн мэдэгдсэн байна. Үргэлжлүүлэн тэрээр “Энхийн хэлэлцээг үргэлжлүүлцгээе, гэхдээ одоогийн нөхцөл байдалд үндэслэж, зөвхөн нэг талын эрх ашгийг харалгүйгээр гүйцэлдүүлье” хэмээн хэлсэн байна.
Украины Гадаад Хэргийн сайд Дмитрий Кулеба Оросын удирдагч ирэх сард Швейцарьт болох дайны гал зогсоох асуудлаарх олон улсын бага хуралд оролцогчдод энхийн хэлэлцээр байгуулахад бэлэн гэсэн хуурамч байр суурийг илэрхийлж байгааг анхааруулсан байна.
Өнгөрсөн долоо хоногт В.Путин эдийн засагч Андрей Белоусовыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайдаар томилсон нь сунжирсан мөргөлдөөнд ялалт байгуулахын тулд эдийн засгаа илүү дайны байдалд шилжүүлж байна гэж шинжээчид үзэж байна. Сүүлийн үед ОХУ-ын зэвсэгт хүчин давшилтаа эрчимжүүлснээр хэд хэдэн бүс нутаг, хот тосгоныг эрхшээлдээ оруулаад байна. В.Путины хувьд дайны талбар дахь одоогийн ололт амжилт нь түүний хувьд хангалттай байж магадгүйг эх сурвалжууд хэлсэн байна. Дэлхийн 2-р дайнаас хойших Европ тивийн газар нутагт өрнөж байгаа дайн, мөргөлдөөний уршгаар дайсагнагч талууд хэдэн арван мянган хүний амийг авч одсоноос гадна Оросын эдийн засаг өрнөдийн өргөн хүрээтэй хориг арга хэмжээнд өртөж, тусгаарлагдаад байгаа юм.
Мөн өнгөрсөн 2022 оны 9-р сард В.Путин цэргийн дайчилгаа явуулсан нь түүний нэр хүндэд сөргөөр нөлөөлснийг сайтар ухамсарласан бөгөөд цаашид нөхцөл байдал хааш эргэхээс үл хамааран дахиж залуусыг албадан дайчилгаанд хамруулах ёсгүй гэдгийг тэрээр хүлээн зөвшөөрсөн байна.