Даваа гарагт удирдагчид сүүлийн 4 жилийн хугацаанд анх удаа гурван талт дээд хэмжээний уулзалт хийхээр болжээ
Өнгөрсөн Ням гарагт БНХАУ-ын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян, БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёль нар бүс нутгийн аюулгүй байдал, чөлөөт худалдааны гэрээ байгуулах төлөвлөгөөг хэлэлцсэн байна. Тэгвэл Ли Чян Японы ерөнхий сайд Кишида Фүмио нар Тайванийг тойрсон хурцадмал байдлын асуудлаар санал солилцсон бол өнөөдөр буюу Даваа гарагт удирдагчид сүүлийн 4 жилийн хугацаанд анх удаа гурван талт дээд хэмжээний уулзалт хийхээр болжээ.

Сүүлийн дөрвөн жил гаруйн хугацаанд Ази тивийн гурван том улс орны удирдагчид анх удаа дээд хэмжээний уулзалт хийх гэж байна. АНУ болон БНХАУ хоёрын холбоотон БНСУ, япон удирдагчид Бээжин, Вашингтоны сөргөлдөөн, Тайванийг тойрсон хурцадмал байдал дунд өсөн нэмэгдэж байгаа үл итгэлцлийг хэвийн голдиролд нь оруулахыг хичээж байна. Даваа гарагт болох гурван талт дээд хэмжээний уулзалтаас эерэг үр дүн гарах хүлээлт бага байгаа ч олон жилийн турш хурцадмал байгаа харилцаагаа зөөлрүүлж, гурван улсын удирдагч гар барих нь дипломат үйлдэл гэж шинжээчид үзэж байна.

Ням гарагт Юн Сок Ёль ОХУ-ын эзлэн түрэмгийлэл, Израил-Хамас-ын мөргөлдөөн, ОУ-ын геополитик болоод эдийн засгийн тодорхойгүй байдлын асуудлаар Ли Чян нар санал солилцсон байна. Энэ үеэр Юн Сок Ёль Өмнөд Солонгос, Хятад хоёр улс харилцан нэгнээ хүндэтгэх арга замаар хамтын ашиг сонирхлоо бэхжүүлэхээс гадна бүс нутаг болон дэлхийн нийтэд тулгамдаад байгаа нийтлэг сорилтуудыг даван туулах ёстой хэмээн мэдэгджээ.

Үүнээс гадна Юн Сок Ёль НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд Хятад улс илүү их үүрэг хариуцлага хүлээх ёстой талаар дурдсан бөгөөд умард солонгос цөмийн хөтөлбөрөө эрчимтэйгээр хөгжүүлж, ОХУ-тай цэрэг армийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж тив алгасагч баллистик пуужин ашиглан дахин тагнуулын хиймэл дагуул хөөргөхөд ойрхон байгааг онцлон тэмдэглэсэн байна.

Хариуд нь БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян эдийн засаг, худалдааны асуудлыг улс төр, аюулгүй байдлын асуудал болгохыг эсэргүүцэж, нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгахын төлөө ажиллах ёстой гэдгийг хэлсэн байна. Хятад улс аж үйлдвэрийн салбар, шинэ эрчим хүч, хиймэл оюун ухаан, био анагаах ухаан болон бусад салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байгааг тэрээр хэлсэн байна.

Тэгвэл Ням гарагт Кишида Ли нарын албан бус яриа хэлэлцээний үеэр удирдагчид Тайваний хойгийн тогтвортой байдал нь япон болон олон улсын хамтын нийгэмлэгт чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгджээ.