Ирэх сард аадар борооны давтамж өндөр байх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг санууллаа
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр ирэх 6-р сард Төвийн аймгуудын нутгаар хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа тул гэнэтийн ус ихтэй аадар бороо орох давтамж өндөр байх магадлалтай талаар мэдээллээ. Иймд УОК-оос үер усны болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллах үүрэг чиглэлийг орон нутгийн удирдлагууд болон холбогдох албаныханд өгсөн байна. Мөн ОБЕГ-ын дэргэд шуурхай штабыг байгуулж, байнгын ажиллагаанд шилжүүлжээ.

УОК-оос гаргасан үүрэг чиглэлийн дагуу орон нутгийн удирдлагуудад гол мөрөн нуурын дагуу хөдөлгөөнт эрүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлж эрэг орчмоор үйл ажиллагаа явуулдаг амралт сувилал аж ахуй нэгжүүдэд болзошгүй аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгөх,үерт өртөж болзошгүй айл өрх аж ахуй нэгжүүдийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлэхийг даалгасан байна.

Мөн онцгой байдлын албанд дутагдалтай байгаа техник тоног төхөөрөмж хувцас хэрэглэлийн нөөцийг бүрдүүлэх арга хэмжээг авахаар болсон байна. Одоогийн байдлаар онцгой байдлын албан хаагчдын -хувцас хэрэглэлийн хангамж 70-80 хувийн хүртээмжтэй  байгаа цаашид 100 хувь болгон нэмэгдүүлэх ажил үргэлжилж  байгааг албаныхан мэдэгдлээ.

Иймд амралт, зугаалгын улирал эхэлж байгаа тул иргэдэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх, зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй хөвөгч хэрэгсэл, завь зэргийг хэрэглэхгүй байхын нийт иргэдэд анхааруулж байна. Мөн шадар сайдын зүгээс  монгол улсын их хурлын сонгуулийн  үйл ажиллагаа явагдаж байгаа цаг үед ажил эзэнгүйдүүлэх, хариуцлага алдах, анхаарал болгоомжийг сулруулахгүй байж, холбогдох мэргэжлийн байгууллагуудын бэлэн байдлыг хангаж, өгсөн үүрэг даалгаврын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг орон нутгийн удирдлагуудад санууллаа