Монголын Үндэсний номын сан 103 жилийн түүхэндээ анх удаа олон улсын стандартад нийцсэн шинэ салбар байртай болж, өнөөдөр нээлтээ хийлээ
Монголын Үндэсний номын сан 103 жилийн түүхэндээ анх удаа олон улсын стандартад нийцсэн шинэ салбар байртай болж, өнөөдөр нээлтээ хийлээ.  Нэг дор 600 орчим уншигч хүлээн авах хүчин чадалтай, 11 давхар тус барилга нь орчин үеийн дэвшилтэд технологи бүхий тухтай орчин бүрдүүлэх шийдлээр баригдсан байна. Ингэснээр Соёлын салбар дахь 89 дэх томоохон бүтээн байгуулалт болж буй тус номын сан бүх насны иргэдэд хүртээмжтэй үйлчилж, төрөлжсөн үйлчилгээ үзүүлэх юм байна.

Мянга мянган зохиолч, яруу найрагчдын оюуны бүтээлийн сан хөмрөг болж, үндэсний түүх соёл, өв уламжлалын арвин түүхийг хадгалж, орчин үеийн шинжлэх ухаан, мэдлэг мэдээллийн цогц төв болох Үндэсний номын сан ийнхүү 103 жилийн түүхэндээ анх удаа олон улсын стандартад нийцсэн шинэ салбар байртай боллоо.

Шинэ номын сан орчин үеийн техник, технологи бүхий 11 давхар, чөлөөт сонголт бүхий төрөлжсөн уншлагын 16 танхимтай, 530 хүнд нэг зэрэг үйлчлэх боломжтой юм байна. Шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан сан хөмрөг, үйлчилгээтэй, уншигчдын тав тухтай орчин нөхцөл бүрдүүлсэн, олон улсын номын сангийн стандарт шаардлага хангасан байдлаараа улсдаа ч мөн анхдагч болж байна.

Үндэсний номын сангийн шинэ барилга нь ийнхүү сүүлийн 3 жилийн хугацаанд соёлын салбарт баригдсан 89 дэх бүтээн байгуулалт болж байна. Үндэсний гэх тодотголтой энэхүү номын сан үйл ажиллагаа, барилга байгууламжаа өргөтгөж байгаа нь нийт иргэдийн оюунд томоохон хөрөнгө оруулалт болж байгааг салбарын томоохон төлөөллүүд ийнхүү дүгнэж байна.

Анх 1951 онд Үндэсний номын сан өөрийн гэсэн барилгатай болж 500 мянган номтойгоор иргэдэд үйлчилж байсан бол өдгөө 3 сая 500 мянга гаруй номтой, байнгын 600 мянга гаруй уншигчтай болж өргөжжээ. Номын сангийн шинэ барилгад уншигчдыг хүлээн авч, үзэсгэлэн сургалт зэрэг бусад үйл ажиллагааг зохион байгуулах юм. Харин одоогийн хуучин барилга нь архитектурын өвөрмөц сонгодог загвар бүхий соёлын дурсгалд зүй ёсоор тооцогддог төдийгүй үндэсний номын санд зориулан бүтээсэн түүхэн барилга юм. Тиймээс үндэсний бичиг үсгийн хосгүй үнэт дурсгалыг олон улсын жишиг, стандартын дагуу сэргээн шинэчилж, хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, судлах цогц соёлын төв байгууламж болгон үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.