Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар үл хайхрах хүчирхийллийг зохицуулна
Энэ оны хичээлийн жил дуусаж, зуны амралт эхлэхэд долоо хоног үлджээ. Хэдийгээр амралтын улирал эхэлж байгаа ч ихэнх хүүхдүүд гэртээ ганцаараа, эсвэл ах дүүгийн хамтаар үлдэх тохиолдол цөөнгүй байна. Үүнээс үүдэж хүүхэд ямар нэг байдлаар гэмт хэрэг, зөрчилд өртөх, ахуйн хүрээнд осолдсон талаарх дуудлага мэдээлэл нэмэгддэг талаар холбогдох байгууллагуудаас мэдээлж байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ анхаарал хандуулж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

Хүүхдүүд зуны амралтаар дугуйлан, сургалтад хамрагдаж, хөдөө нутгийг зорьдог ч гэртээ харах хүнгүй үлдэх хүүхдүүд ч олон бий. Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн 7 хоногт аврах ажиллагааны 4 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 2 дуудлага нь бага насны хүүхэд гэртээ цоожлогдож үлдсэн дуудлага байжээ:

Түүнчлэн зуны улиралд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдтэйгээ аялал зугаалгаар явахдаа машиндаа зориулалтын суудалгүй зорчуулах, бүс зүүлгэхгүй байх, машины лүүк, цонхоор хүүхдүүдээ гаргах, гол усны эрэг дагуу хараа хяналтгүй тоглуулах зэргээр эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэдэг байна. Үүнээс үүдэн хүүхэд голд живэх, зам тээврийн осолд өртөх үед хүндээр бэртэх зэрэг эрсдэлүүд тулгардаг. Түүнчлэн жолооч хөдөлгөөн эхлэхдээ машины эргэн тойрноо шалгаагүйн улмаас осол гаргаж хүүхдийн амь эрсдэх тохиолдол ч гарсаар байна. Тодруулбал өнгөрөгч 2021 онд 1-4 насны 23 хүүхэд, 2022 онд 14, 2023 онд 8, 2024 он гарсаар буюу ердөө 4 сар гаруйн хугацаанд 2 хүүхэд дээрх шалтгааны улмаас амиа алджээ.

Хүүхэд хамгааллын 108 дугаарт энэ он гарснаас хойш 40 мянга гаруй дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 26 мянга гаруй нь зорилтот дуудлага мэдээлэл байжээ. Эдгээрээс хүүхдийн эрх хамгааллын 5 мянга гаруй дуудлага байгаа бол 1400 гаруй нь үл хайхрах хүчирхийлэл байна. Хүүхдийг хараа хяналтгүй орхих, хоол ундгүй үлдээх зэрэг наад захын хэрэглээг хангаж чадахгүй байгаа нь үл хайхрах хүчирхийллийн төрөл зүйлд багтдаг байна. Тэгвэл энэ 9-р сараас хэрэгжиж эхлэх хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар үл хайхрах хүчирхийллийн эсрэг тодорхой зохицуулалт орох юм байна.

Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ аль болох харгалзах хүнгүй нь үлдээхгүй байх, хараа хяналтаа сайжруулах шаардлага байгаа юм. Мөн нөгөө талд төр засгийн зүгээс хүүхэд хамгааллын асуудал дээр бодлогын түвшинд цогц арга хэмжээ авах шаардлагатай байна.