Владимир Путин өөрийн бие хамгаалагчаар ажиллаж байсан Алексей Дюмин гэгчийг төрийн зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох зарлигт гарын үсэг зуржээ
Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өөрийн бие хамгаалагчаар ажиллаж байсан Алексей Дюмин гэгчийг төрийн зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох зарлигт гарын үсэг зуржээ. Энэхүү гэнэтийн томилгоо нь ОХУ-ын дараагийн удирдагчийн талаарх таамгийг өдөөж, Алексей Дюмин гэгч хэн болохыг шинжээчид судалж эхэлсэн байна.

Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Төрийн Зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалд өөрийн бие хамгаалагчаа томилсон нь олны анхаарлыг татлаа. Шинжээчид хэлэхдээ В.Путин Орос улсын удирдах дараагийн горилогчийг бэлтгэж эхэлсэн гэж таамаглаж байна. Тэгвэл нэгэн цаг үед Кремлийн зөвлөхөөс ажиллаж байсан Сергей Марков “Оросын элитүүд Алексей Дюминийг Төрийн Зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох шийдвэрийг тийм ч таатай хүлээж аваагүй” гэж мэдэгдсэн байна. Гэхдээ тэрээр энэ томилгоо нь Оросын ирээдүйн удирдагчийн санал асуулгад Алексей Дюмин гэх шинэ нэр орж ирснийг онцолж байна.

Өнгөрсөн 2020 онд Путины санаачилгаар оху-ын бүс нутгийн засаг захиргааны тэргүүнийг нэгтгэсэн төрийн зөвлөлийн үүргийг анх удаа үндсэн хуульдаа тусгаж өгсөн юм. Улс төр судлаачид энэ шийдвэр нь эцэс сүүлдээ илүү хүчирхэг төрийн бүтцийг бүтээх зорилготой гэж үзэж байсан юм.

Тэгвэл ОХУ-ын Төрийн Зөвлөлийн Нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдсон Алексей Дюмин нь 1972 онд Курск хотод төрсөн бөгөөд эхнэр нэг хүүгийн хамт Москва хотод аж төрдөг гэж мэдээлж байна. Оросын Төрийн мэдлийн телевизийн шууд дамжуулалтын үеэр В.Путины хамт тогтмол харагддаг байсан Алексей Дюмин нь өөрийн захирч байсан бүс нутгаасаа өөр газарт тийм ч танил бус гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Гэхдээ тэрээр улс төрийн хүрээнийхэн, цэрэг арми, тагнуулын байгуулагад танигдсан, мэргэшсэн албан тушаалтан юм байна.

ОХУ-ын Төрийн дээд баатар цолны эзэн Алескей Дюмин 1995 онд Кремлийн элитүүдийн аюулгүй байдлыг хангадаг холбооны харуулын албанд ажилд орж, В.Путины нэг болон хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд түүний бие хамгаалагчаар ажилласан байна. 2014 оноос хойш Алексей Дюмин Оросын цэргийн тагнуулын албаны орлогч дарга, Батлан ​​Хамгаалахын Дэд сайд, дараа нь Тула мужийн захирагчаар ажилласан байна.