Зудын хор уршиг нь малчдын үр хүүхдийн эрүүл мэнд, боловсролд багадаа 3 жилийн хугацаанд сөргөөр нөлөөлдөг
Өнөөдөр Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс зудад өртсөн иргэдэд үзүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийг хүртэлх хугацаанд олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, элчин сайдын яамд, дотоодын ААН, байгууллагуудаас зудад өртсөн 11.350 малчин өрхөд нийт 7.6 тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг үзүүлжээ.

Өнөөдрийн байдлаар 11.350 малчин өрхөд гадны улсаас орж ирж буй хүмүүнлэгийн тусламжийг үзүүлсэн талаар холбогдох байгууллагаас нь мэдээллээ. Тодруулбал, малчин өрх хэрэгцээндээ зарцуулах бэлэн мөнгө, хүнс, ариун цэврийн тусламж, малын эрдэс тэжээл гэсэн 3 чиглэлээр зорилтот бүлгийн малчдад тусламж үзүүлсэн байна. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл нийт 7.6 тэрбум төгрөгийн тусламжийг үзүүлжээ.

Хүмүүнлэгийн тусламжид хамрагдах, малчин өрх нь 400-гаас доош малтай, олон хүүхэдтэй, жирэмсэн болон хөхүүл ээж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настан, өрх толгойлсон эмэгтэйчүүд, малын хорогдол ихтэй зэрэг үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан байхад голлон анхаарчээ.

Олон улсын Улаан Загалмай, Улаан Хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сан, Австралийн Засгийн газар зэрэг олон байгууллагуудын дэмжлэгээр ийнхүү малчдад тусламж үзүүлсэн байна.

Зудын хор уршиг нь малчдын амьжиргаа, ялангуяа тэдний үр хүүхдийн эрүүл мэнд, боловсролд наад зах нь 3 жилийн хугацаанд сөргөөр нөлөөлдөг гэж үздэг байна.