ХЭҮК: өдөрт 1 хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж байна
1935 оны хүн амын тооллогоор  манай улс 738 мянга гаруй иргэнтэй байсан бол  энэ оны 2 сарын байдлаар  3 сая 546 мянга гаруй иргэнтэй болсноос 1.3 сая нь хүүхэд юм. Хүн амын өсөлттэй зэрэгцэн хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн талаарх зөрчил, гэмт хэрэг ихээр гарах болсон. Хүүхэд нэгдүгээрт буюу хүүхдийн дээд эрх ашиг гэх зарчим манай улсад хэрэгжихгүй байгааг ХЭҮК-оос шүүмжилж байна.

Манай улсад хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэгдсэн хэд хэдэн хуулиуд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Гэсэн ч сүүлийн жилүүдэд хүүхдийн эсрэг үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчил нэмэгдсээр байна. Зөвхөн 2023 онд л гэхэд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас 541 хүүхэд хохирсон бол энэ оны эхний 4 сарын байдлаар 222 хүүхэд хохирсон нь цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Үүнийг задлан харвал хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирсон 395, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн улмаас хохирсон 16, бэлгийн мөлжлөг гэмт хэргийн улмаас хохирсон 1, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийн улмаас хохирсон 128, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэргийн улмаас хохирсон 1 тохиолдол бүртгэгдсэн байна.  Статистик мэдээллээс харахад өдөрт 1 хүүхэд хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж байгаа нь 3.5 сая хүн амтай манай улсын хувьд гамшгийн хэмжээнд хүрсэн үзүүлэлт байна.

Түүнчлэн Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээр хүчингийн гэмт хэргийн улмаас үзлэг шинжилгээ хийлгэсэн хүүхдийн тоо сүүлийн 5 жилд 4477 байна. Үүнээс орон нутагт 1903 байгаа нь харьцангуй өндөр үзүүлэлт гэдгийг мэргэжилтэн хэлж байна. Мөн эдгээр гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо шүүхээр шийдвэрлэгдсэн тоотой харьцуулахад том зөрүү үүсдэг байна. Хэрэг хянан шийдвэрлэх явц удаашралтай байдаг тул хүүхдүүд найз нөхөд, хамаатан саднаасаа ичих, дээрэлхэлт гадуурхалтад өртдөгийн улмаас гомдлоосоо татгалзах тохиолдол ч ихээр гардаг байна. Тиймээс хохирсон хүүхдийг хамгаалах, сэтгэл зүйд нь анхаарах шаардлагатай байгаа юм.

Жил бүр хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг баяр ёслол болгон тэмдэглэх бус харин бодит нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ойлголт, мэдлэгийг нийгэмд түгээдэг байхыг мэргэжлийнхэн зөвлөж байна. Түүнчлэн хүүхэд гэмт хэрэгт өртөж буй суурь шалтгаан нь эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул байх тохиолдол байдаг тул ирэх 9-р сарын 1-ээс хэрэгжих Хүүхэд Хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад илүү нарийн зохицуулалтыг оруулж, тооцох хариуцлагыг чангатгажээ.