Конвенцыг соёрхон баталснаар Монгол улс түүх, соёлын үнэт өвөө олон улстай хамтран хамгаалах боломж бүрдэнэ
Монгол улсын Засгийн Газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин “Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэнгийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Занданшатарт өргөн мэдүүллээ. Уг хуулийн төсөл батлагдвал манай улс хилээр хууль бусаар гарсан, хулгайлагдсан соёлын эд зүйлсээ олон улстай хамтран эх орондоо буцаан төвлөрүүлэх, алдагдахаас урьдчилан сэргийлэх зэрэг хадгалалт, хамгаалалтын хувьд бэхжих эрх зүйн үндэс бий болох юм байна.

Түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлж чадах түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бүхий эд зүйлсийг нийтэд нь соёлын өв хэмээн тодорхойлдог. Манай улс арвин их түүх соёл, өв уламжлал, ёс заншилд холбогдох соёлын өвийн эд зүйлстэй учир хууль бусаар хилээр гаргахаас урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож, үндэсний чадавхыг бэхжүүлэх хэрэгцээ шаардлага өндөр байна. Тиймээс "Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” Юнидруа-гийн Конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Соёлын Сайд Ч.Номин улсын Их Хурлын даргад өргөн барилаа.

Дэлхийн улс орнууд соёлын өвөө хадгалан хамгаалахад чухал ач холбогдол өгдөг. Тиймээс ч Юнеско хулгайлагдсан, хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлийг хууль ёсны өмчлөгчид буцаах, эргүүлэн өгөх үйл ажиллагааг илүү хөнгөвчлөн боловсронгуй болгох, ойлгомжгүй үлдсэн асуудлыг тодорхой болгох, хувийн эрх зүйн хүрээнд зохицуулах боломжийг эрэлхийлж, олон чиглэлээр судалгааны ажлыг явуулсны үр дүнд “Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” Юнидруа  буюу хувийн эрх зүйг нэгтгэх олон улсын хүрээлэнгийн конвенцын төслийг 1995 онд баталж байжээ. Өнөөдрийн байдлаар уг конвенцод дэлхийн 63 улс гарын үсэг зурж, зөвшөөрсөн бөгөөд үүний дотор манай улсын хоёр хөрш байна. БНХАУ 1997 онд нэгдэн орсон бол ОХУ 1996 онд гарын үсэг зурж байжээ. Конвенцыг соёрхон баталснаар зөвхөн засгийн газар, төрийн байгууллага хоорондын харилцаанаас гадна хувь хүмүүст томоохон давуу талтай байна.

Соёлын өв бол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа, үндэсний бахархал, эв нэгдлийн уг сурвалжаас гадна хөгжил дэвшлийн чухал хөшүүрэг юм. Тиймээс ч 2020 онд соёлын яамыг шинээр байгуулж, өнгөрсөн хугацаанд тус яамнаас хууль бусаар хил давсан олдворуудаа эх орондоо буцаан авч ирэх чиглэлээр яриа хэлэлцээрийг амжилттай болгож, соёлын үнэт өвүүдээ Юнеско-д бүртгүүлэх, Франц улсад "Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн үзэсгэлэн"-г нээсэн зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлээд байгаа юм.