БНАСАУ-аас БНСУ руу хог, ялгадас уясан 150 гаруй бөмбөлөг илгээжээ
БНАСАУ-аас БНСУ руу хог, ялгадас уясан 150 гаруй бөмбөлөг илгээжээ. Агаарын бөмбөлгүүдийг Умард Солонгостой хил залгаа тосгоны орчимд хөөрч байх үед нь саатуулсныг өмнөд солонгосын тал мэдэгдсэн байна.

Лхагва гарагт БНСУ-ын Зэвсэгт хүчин Умард Солонгостой хил залгаа орших хот тосгодын оршин суугчдад хандаж сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.  Умард Солонгосоос хөөргөсөн 150 гаруй агаарын бөмбөлөг нь тагнуулын ажиллагааны нэг хэсэг байж болзошгүй гэж Сөүлийн зүгээс мэдээлсэн юм. Харин төд удалгүй тэдгээр агаарын бөмбөлөгт хуванцар сав, батерей, ялгадас зэрэг янз бүрийн хог хаягдал дайгдсан байсныг илтгэх гэрэл зургуудыг оршин суугчид цахим орчинд нийтэлж эхэлсэн байна. Үүнтэй холбогдуулан өмнөд солонгосын зэвсэгт хүчин дийлэнх агаарын бөмбөлгийг устгаснаа мэдэгджээ. Мөн цөөн тооны агаарын бөмбөлөг хол зайг туулж, Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт орших Кенсан мужид хүрсэн байна.

Одоо БНСУ-ын Зэвсэгт хүчний тэсрэх бөмбөгийн анги нэгтгэл, химийн болон биологийн зэвсгийн эсрэг арга хэмжээ авах баг агаарын бөмбөлөг болон хог хаягдлыг хянан шалгаж, шинжилгээ хийж байгаа юм байна. Сөүлийн зүгээс ОУ-ын хамтын нийгэмлэгийн нийтээр дагаж мөрдөх дүрэм журмыг илт зөрчсөн энэхүү үйлдлийг хурцаар шүүмжилж, тохиромжтой үед нь хатуу хариу арга хэмжээ авахаа анхааруулсан байна.

Тэгвэл БНАСАУ-ын Батлан Хамгаалахын дэд сайд Ким Канг-Ил Өмнөд Солонгосын Засгийн газар, хууль бус төлөөлөгчид удаа дараа худал суртал ухуулгын хуудсыг дрон төхөөрөмж, агаарын бөмбөлгөөр дамжуулан Умардын оршин суугчдад хүргүүлсэн тул ийнхүү хариу арга хэмжээ авснаа мэдэгджээ.

Өмнөд Солонгосын Төрийн бус байгууллагууд олон жилийн туршид Ким-ийн дэглэмийг шүүмжилж, Умард Солонгосын иргэдийг эрх чөлөөнийхөө төлөө тэмцэхийг уриалсан ухуулах хуудас бүхий бөмбөлөг, К-Поп дууны дүрс бичлэг бүхий диск, цар тахлын үед бүр будаа, мах зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг дроноор хүргэж байсан юм.