Сүүлийн нэг сарын хугацаанд Ази тивийн бүс нутгийг халуун агаарын урсгал дайрч өнгөрснөөс үүдэн Пакистан улсад агаарын температур огцом нэмэгдсэн
Өнгөрсөн Даваа гарагт Пакистан улсын өмнөд хэсэгт орших Синд мужид агаарын температур цельсийн нэмэх 52 хэмийг давж халсан нь зуны улиралд тохиосон дээд үзүүлэлт болсныг холбогдох албанаас мэдээлжээ. Үргэлжилсэн халууны улмаас бүс нутгийн оршин суугчдыг хөл хорих, зорчих хөдөлгөөнийг богино хугацаанд хязгаарлах арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна.

Сүүлийн нэг сарын хугацаанд Ази тивийн бүс нутгийг халуун агаарын урсгал дайрч өнгөрснөөс үүдэн Пакистан улсад агаарын температур огцом нэмэгдсэн. Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгаа нь хэт халалтын суурь шалтгаан болж байна  гэж цаг уурчид тайлбарлаж байна..

Манай эриний өмнөх 2500 онд баригдсан “Индус”-ын соёл иргэншлийн үеийн археологийн дурсгалт газруудаараа алдартай Синд мужид гэхэд л сүүлийн 24 цагийн дотор агаарын температур 52.2 хэм хүртэл халсан байна. Өнгөрсөн 2017 оны намар Пакистан улсын Балучистан мужид энэ удаагийнхаас халуун буюу 54 хэм хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болж байжээ. Харин даваа гарагт тэрхүү дээд үзүүлэлт тун дөхсөн хэт халалт тохиосон байна.

Пакистаны Синд муж болон ойр орчмын бүс нутгуудад хэт халалт үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд нөхцөл байдал улам дордож болзошгүй тул сэрэмжтэй байхыг цаг уурын байгууллагаас оршин суугчдад сэрэмжлүүлсэн байна. Өнгөрсөн даваа гаргаас эхэлсэн хэт халалтын улмаас хүний амь нас хохироогүй гэж Пакистаны эрх баригчид мэдэгдсэн байна.