Улсын хэмжээнд хайгуулын болон ашиглалтын 2800 орчим тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна
Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар болоод газрын хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол эхэллээ. Өнөөдөр нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор тусгай зөвшөөрөл авсан компаниуд болон тэдний хамаарал бүхий этгээдүүдийн талаар таван багц асуудлын хүрээнд шинжлэн судалжээ.

Энэ оны 4-р сарын байдлаар монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 4.5 хувьд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл 2800 орчим  ширхэг олгогдсон байна. Үүнээс хайгуулын тусгай зөвшөөрөл нийт нутаг дэвсгэрийн 3.3 хувьд буюу 5.1 сая га газарт олгогдож ашиглалтын тусгай зөвшөөрөл 1.2 хувь буюу 1.8 сая га талбайд олгогдоод байна. Үүнээс хамгийн их тусгай зөвшөөрлийг Дорноговь Өмнөговь аймагт олгосон байна. Харин эдгээр аймгуудад хайгуулын тусгай зөвшөөрлийг 2004 онд хамгийн их олгож байжээ.1992 оноос хойш улсын нийт нутаг дэвсгэрийн 7 сая га газарт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогджээ. Тэгвэл хамгийн их талбайтай лиценз эзэмшдэг 10 компанийн нэрсийг танилцууллаа. Үүнд:

  • Цайна Инвэстмент Монголиа ХХК- 168.946 га талбай
  • Монголын Алт Мак ХХК- 83.984 га талбай
  • Цагаан Өвөлжөө  ХХК- 79.558 га талбай
  • Говь Караван ХХК- 78.476 га талбай
  • Эрдэнэс Тавантолгой ХК- 68.471 га талбай
  • Мөнхноён Суварга  ХХК- 67.993 га талбай
  • Талын Хишиг ХХК- 64.446 га талбай
  • Аранжин Ресурсес ХХК- 63.252 га талбай
  • Онтрэ ХХК- 62.920 га талбай
  • Түмэн Айл Инвест ХХК- 52.260 га талбайтай лиценз тус тус эзэмшиж байна. 

Ийнхүү  ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт бүртгэлийн асуудалтай  холбогдуулан сонсголд оролцогчид асуулт асууж хариулт авсан юм.

Мөн шинжээчийн танилцуулснаар алтай хар азарга групп хамгийн олон хайгуулын тусгай зөвшөөрөл авсан нь тогтоогдсон. Харин ашигт малтмал газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга тус группийн хувьцаа эзэмшигч М.Өлзийбаттай нэгдмэл ашиг сонирхолтой гэдгийг шинжээчид тогтоожээ.