Манай улсын 22.000 гаруй энхийг сахиулагч олон улсад  үүрэг гүйцэтгэж, энх тайванд хувь нэмрээ оруулжээ
Өнөөдөр Олон Улсын энхийг сахиулагчдын өдөр. Анх 2002 онд манай улс цэргийн 2 ажиглагчаа Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад энхийг дэмжих ажиллагаанд илгээж байснаас хойш өнөөдрийг хүртэл нийт 22 мянга гаруй энхийг сахиулагч олон улсад үүрэг гүйцэтгэж, дэлхийн энх тайванд хувь нэмрээ оруулж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы тогтоолоор жил бүрийн 5-р сарын 29-ний өдрийг олон улсын энхийг сахиулагчдын өдөр болгон зарласан түүхтэй. Харин манай улсад 2012 оноос засгийн газрын 140 дүгээр тогтоолын дагуу энэхүү өдрийг жил бүр тэмдэглэж байна.

Манай улс 2002 онд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд анхны цэргийн ажиглагч офицерыг, 2003 онд Бүгд Найрамдах Ирак улсад явагдсан “Иракийн эрх чөлөө”, Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдсан “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд цэргийн багаа илгээснээс хойш 22.000 гаруй энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэжээ. Түүнчлэн энхийг сахиулах үйл ажиллагаанд эмэгтэйчүүд оролцож, тухайн очсон улсынхаа хүүхэд, эмэгтэйчүүдэд тусалсаар байна.

Өнөөдрийн байдлаар Монгол улсын Зэвсэгт хүчнээс 900 орчим цэргийн алба хаагч бүгд Найрамдах Өмнөд Судан улс, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс, Бүгд Найрамдах Ливан улс, Бүгд Найрамдах Кипр зэрэг улсад явагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэж байна.