БНХАУ-ын туршилтын сансрын хөлөг сарны судлагдаагүй, алс хязгаар талд амжилттай газардсан тухай мэдээллээ

Орон нутгийн цагаар өнгөрсөн Ням гаргийн өглөөний 6 цагт Хятадын "Чан-Э 6" хөлөг сарны алс хязгаар талд амжилттай газардсаныг Хятадын Үндэсний сансар судлалын албанаас мэдэгдлээ. Одоо туршилтын сансрын хөлөг хүн төрөлхтний түүхэнд бараг судлагдаж байгаагүй дэлхийгээс алслагдсан сарны гадаргуу хэсгээс анх удаа дээж цуглуулж, эх дэлхий рүү илгээх юм.

Энэ сарын 3-ны өдөр Вэньчан сансрын станцаас хөөрсөн хөлөг газардахад тохиромжтой мөчийг хүлээн сарыг тойрон эргэлдэж байсан бол өнгөрсөн Ням гарагт газардах ажиллагаа төлөвлөгөөний дагуу амжилттай болсныг Хятадын сансар судлаачид хэлсэн байна

Газардагч станцыг амжилттай буулгахын тулд Кэчяо-2 хэмээх дундын хиймэл дагуулыг ашигласан юм байна. Судалгааны төхөөрөмж нь гурав хоногийн хугацаанд сарны далд хэсэгт үүрэг гүйцэтгэх төдийгүй 2 килограмм дээж цуглуулахаа төлөвлөсөн байна. Мөн газардагч төхөөрөм дээж цуглуулахдаа хоёр арга ашиглах бөгөөд сарны гадаргуу хэсгийг өрөмдөж, дараагаар нь дээжийг хадгалж авах юм байна. Энэ аргийг ашиглаад үр дүнд хүрэхгүй бол газардагч станцад нэмэлтээр суурилуулсан робот гар газрын гадарга дээр тогтсон бүхнийг түүж авах юм байна.

Ингэснээр сарны гарал үүсэл, хувьслын түүхийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх ач холбогдолтойг эрдэмтэд хэлж байна. “Чан-Э-6” хөлөг нь газардуулагч, дээш өргөгч, дамжуулагч зэрэг хэд хэдэн төхөөрөмжөөр тоноглогдсон байна.