Хүмүүс нэгнээ дуудахдаа оноосон нэр ашигладаг шиг төстэй арга барилаар Африкийн зэрлэг заанууд бие биеэ дууддаг болох нь судалгаагаар тогтоогджээ
Хүмүүс нэгнээ дуудахдаа оноосон нэр ашигладаг шиг төстэй арга барилаар Африкийн зэрлэг заанууд бие биеэ дууддаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Далайн гахай болон тоть нь нэгнээ дуудаж, анхаарлыг татахын тулд шүгэлдэх мэт авиа гаргадаг бол Кенийн зэрлэг заануудын арга барил илүү боловсронгуй болохыг судлаачид онцолж байна.

Өнгөрсөн Даваа гарагт “Nature Ecology And Evolution” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд дурдсанаар Кени улс дахь Саваннын Дархан цаазат газрын зэрлэг заануудын хоёр сүргийг сонгон авч, тэдний гаргаж байгаа дуу авиаг хиймэл оюуны ухааны тусламжтайгаар задлан шинжилсэн байна.

Тэгвэл шинжилгээний үр дүн судлаачдыг гайхшируулсан бөгөөд заанууд нэгнээ дуудахдаа бусдыгаа дуурайж ижил төрлийн авиа дуудлага огт гаргаагүй байна. Энэ нь заанууд нэгнээ дуудахдаа хүн төрөлхтөн шиг оноосон нэр ашигладаг болохыг нотолж байгааг судалгааны тайланд дурджээ. Зааны дуудлагын хамгийн түгээмэл төрөл бол хүржигнэх бөгөөд дотроо гурван дэд ангилал байгааг судлаачид хэлсэн байна. Хоёр заан хоорондоо холбоо тогтоохын тулд гаргадаг чимээ нь илүү чанга байсан ч ойр байхдаа ижил төрлийн авиаг намуухнаар гаргаж байжээ.

Үүнээс гадна заанууд хол зайд байгаа өөр сүрэг заануудтай мэндчилэхдээ өөр өөр авиаг гаргаж байсан төдийгүй эмэгчин заанууд тугалаа дуудахдаа өөр өөр авиа, хүржигнэх чимээ гаргаж дуудаж байгаа нь тогтоогджээ.

Олон улсын судлаачдын баг хиймэл оюун ухаанд суурилсан дуу хоолой таних, бичих авах төхөөрөмжийн тусламжтайгаар 470 орчим өөр хоорондоо ялгаатай дуудлагыг олж илрүүлсэн байна. Судлаачид заанууд бусдыгаа дуудахдаа дуу авиаг дуурайлгах бус өөр хоорондоо ялгаатай чимээ, хүржигнээнийг ашиглаж байгаа нь дэвшил гэдгийг онцолсон байна тэгвэл зааны тугал гэхээсээ илүүтэйгээр нас бие гүйцсэн заанууд нэгнээ дуудахдаа чимээ ашиглаж байгаа нь тогтоогдсон нь ийм чадвартай болоход багагүй хугацаа шаарддаг болохыг илтгэжээ.