Өнөөдөр тэрээр Туркменстан улсад газардах бол ирэх өдрүүдэд  Казахстан, Узбекистан улсад хүрэлцэн очиж, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, бизнес форумд оролцох төлөвтэй байна
БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёль дипломат харилцаагаа бэхжүүлэх, эрчим хүч, ашигт малтмалын салбарт хамтран ажиллах асуудлаар хэлэлцээ хийхээр төв азийн орнуудад айлчилж байна. Өнөөдөр тэрээр Туркменстан улсад газардах бол ирэх өдрүүдэд  Казахстан, Узбекистан улсад хүрэлцэн очиж, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, бизнес форумд оролцох төлөвтэй байна.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёль Казахсан улсад айлчлах үеэрээ тус улсын төрийн тэргүүн Касым-Жомарт Токаевтай дээд хэмжээний уулзалт хийж, литий, уран зэрэг чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагааг өргөжүүлэх төлөвлөгөөний талаар хэлэлцэхийг хөх ордны тайлбарт онцолжээ. Түүнчлэн Өмнөд Солонгосын Засгийн газар ойрын хугацаанд Төв Азийн таван улсын удирдагчийг багтаасан дээд хэмжээний уулзалтыг Сөүл хотноо зохион байгуулахаар бэлтгэж байгаа юм байна.

Юн Сок Ёлын Төв Азийн улс орнуудад хийж байгаа төрийн айлчлал нь Сөүлийн зүгээс зах зээлд нэвтрэх, эрчим хүчний хангамж болон бусад нөөцөө баталгаажуулах зорилгоор дипломат харилцаа, түншлэлээ өргөжүүлэх зорилготой алхам гэж шинжээчид үзэж байна.

Үүнээс гадна энэ сард БНСУ-ын эрх баригчид Африк тивийн 48 орны удирдагчийг оролцуулсан анхны дээд хэмжээний уулзалтыг Сөүл хотноо зохион байгуулж, тус тивийн ашигт малтмалын нөөц, экспортын зах зээлийн боломжийг ашиглахын тулд Сөүлийн зүгээс ирэх зургаан жилийн хугацаанд 10 тэрбум ам.долларыг тэдгээр 48 улс оронд хөрөнгө оруулах амлалтыг өгсөн байна.

Өмнөд Солонгосын Засгийн газар эрчим хүчний бүтээгдэхүүний нөөцөөр баялаг Персийн булангийн АНЭУ-ын хөрөнгө оруулалтын чадавхыг ашиглахыг эрмэлзэж байгаа тул импортын татварыг бууруулж, бизнес, хөрөнгө оруулалтын харилцаагаа ойртуулах зорилгоор өнгөрсөн сард дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, томоохон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.