Метроны зөвлөх үйлчилгээг үзүүлэх компани нь олон улсад төсөл хэрэгжүүлсэн туршлагатай
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл болох метро барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-ын компаниудын хамтарсан түншлэл шалгарлаа. Тус компаниуд нь олон улсад метро, төмөр зам, өндөр хурдны галт тэрэгний төслийг гүйцэтгэж байснаас гадна зөвлөх үйлчилгээ, суурь судалгаа хийдэг туршлагатай юм байна.

Метроны зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн сонгон шалгаруулалтыг Монгол улсад анх удаа хоёр үе шаттай зохион байгуулсан. Тендер шалгаруулалтын нэгдүгээр үе шатад 11 улсын 20 компаниас ирүүлсэн техникийн саналыг хүлээн авсан. Харин хоёрдугаар үе шатны сонгон шалгаруулалтаар дөрвөн компани өрсөлдсөн юм. Тодруулбал, ОХУ, БНХАУ, БНСУ-ын улсын компаниуд тус тус шалгарч, сүүлийн шатанд өрсөлдсөн юм. Тэгвэл үнэлгээний хорооноос БНСУ-ын "Dohwa Engineering" болон “Korea National Railway”, “Soosung Engineering”, “Korea Railroad Corporation” компаниудын хамтарсан нь хамгийн сайн үнэлгээ авч, метроны зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр болсон байна.

Ийнхүү метроны зөвлөх үйлчилгээг солонгос улсын компаниудаас авч, метроны бүтээн байгуулалтын ажлыг 2025 онд эхлүүлэхээр төлөвлөснийг хотын дарга мэдээллээ.

Төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани нь нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна урьдчилсан ТЭЗҮ-г шинэчлэх, төслийн бүх үе шатанд гүйцэтгэлийн чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах юм.