Стратегийн ордын хувь эзэмшлийг 34 хувиар хязгаарлаж байгаа нь хөрөнгө оруулагчдыг үргээж байна
УИХ-ын Хаврын чуулганаар баталсан Баялгийн сангийн тухай хууль нь иргэдийн амьдралд ихээхэн ач холбогдолтой байгаа. Тухайлбал, хуримтлалын сангаас нь ипотекийн зээлийн санхүүжилт олгосноор хөтөлбөрт хамрагдах иргэдэд хүртээмжтэй болж эхэлсэн. Гэвч тус хуульд алдаа байгааг монгол дахь олон улсын худалдааны танхимуудаас хэлсээр байна.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг яаралтай горимоор баталж, сар гаруйн өмнөөс хэрэгжиж эхлээд байгаа. Тус хуулийн үр өгөөж мэдрэгдэж эхэлснийг иргэд хэлсээр байгаа. Түүнчлэн уул уурхайн салбарынхан ч энэ хуулийг дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна.

Гэвч тус хуулийг гадаад улс орны томоохон хөрөнгө оруулагчдыг үргээсэн хууль боллоо гэж монгол дахь олон улсын худалдааны танхимууд үзэж байна. Учир нь үндэсний баялгийн сангийн хуультай хамт ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан. Нэмэлт өөрчлөлтөөр нэг хувьцаа эзэмшигч стратегийн ордын 34-өөс дээш хувийг эзэмшиж болохгүй гэх заалт оруулж ирсэн. Энэ хуулийн зохицуулалтаас шалтгаалж гадны хөрөнгө оруулагчид  томоохон төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулахаасаа татгалзаж, гэрээ хэлэлцээгээ цуцалж эхэлжээ.

Ийнхүү баялгийн сангийн хуультай холбоотойгоор гадны хөрөнгө оруулагчид үргэн алга болох эрсдэл нүүрлээд байна. Харин нөгөө талаас иргэдийн амьдралд үзүүлэх эерэг нөлөөлөл ч ихэссэн байгаа юм.