Дугуйтай парадад 280 орчим дугуйчид оролцжээ
Манчестер Юнайтед багаас олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд тоглох урилга авч, зорилгоо биелүүлсэн дугуйчин Б.Очирваань өнөөдөр эх орондоо ирлээ. Тэрээр нэг жилийн хугацаанд нийт 20 орчим улсаар дамжин 14 мянган км замыг унадаг дугуйгаар туулж зорилгодоо хүрчээ.

Хөлбөмбөгийн спортын дэд мастер, 26 настай дугуйчин Б.Очирваань шүтэн биширдэг "Манчестер Юнайтед" багийнхаа тоглолтыг үзэхээр Монголоос Англи хүртэлх 14 мянган км замын аяллаа 2023 оны тавдугаар сарын 5-ны өдөр Сүхбаатарын талбайгаас эхлүүлж байсан. Тэгвэл тэрээр урт аяллаа амжилттай өндөрлүүлж Лондонд хүрч улмаар Уэмблие цэнгэлдэх хүрээлэнд "Fa Cup"-ийн хагас шигшээ "Коунтри Сити", "Манчестер Юнайтед" клубүүдийн тоглолтыг үзжээ. Түүний Монголоос гарсан урт аялал, Манчестерыг зорьсон шалтгаан, зорьсондоо хүрч, мөрөөдлөө биелүүлж чадсан тухай нэвтрүүлэг Английн Премьер лигийн албан ёсны хуудаст тавигдаж, олон сая үзэгчдийн хүртээл болсон юм.

Дугуйтай аялал хувь хүнд ямар их сургамж өгдгийг мэдэрсэн хэмээн ярих Б.Очирваанийг Монголын дугуйн холбооноос нэгдүгээр зэргийн одонгоор шагнажээ. Мөн тэрээр жилийн хугацаанд амарч өөрийн түүхээр ном бичих юм байна.

Дугуйн парадад оролцсон иргэдийн зүгээс Б.Очирвааниар бахархаж, илүү олон хүн дугуйн спортоор хичээллэж, мөрөөдлөө биелүүлээсэй гэдгийг хэлж байсан юм.

Ийнхүү бүтэн жилийн туршид 20 орчим улс орноор дамжин өөрийн мөрөөдлөө биелүүлсэн тэрээр өнөөдөр дугуйн парадтай Сүхбаатарын талбайд ирснээр өөрийн аяллаа өндөрлүүлсэн юм.