ОХУ-ын зэвсэгт хүчин Украины эрчим хүчний байгууламжууд руу пуужин, нисгэгчгүй онгоцоор агаарын цохилт өгсөөр байна
ОХУ-ын зэвсэгт хүчин Украины эрчим хүчний байгууламжууд руу пуужин, нисгэгчгүй онгоцоор агаарын цохилт өгсөөр байна. Үүнтэй холбогдуулан зуны улиралд Украины томоохон хотуудад эрчим хүчний хомсдол нүүрлэж, хүнд хэцүү нөхцөл байдал үүсэх төлөвтэй байна.

Өнгөрсөн Ням гарагт Украины ерөнхий сайд Денис Шмаихал тус улсын дулааны цахилгаан станцуудын ердөө 30 хувь нь хэвийн ажиллаж байгаа тухай мэдэгдсэн байна. Украины төрийн өмчит эрчим хүчний “Укренерго” компанийн гүйцэтгэх захирал энэ онд цахилгаан станцуудад учирсан хохирол өнгөрсөн жилийнхээс ноцтой бөгөөд агаарын цохилтод удаа дараа өртсөний уршгаар засвар үйлчилгээ явуулахад нилээдгүй хугацаа шаардагдахаар байгааг уламжилжээ.

Улмаар зуны улиралд эрчим хүчний хомсдол газар авч, оршин суугчдын нөхцөл байдал дордох төлөвтэй байна. Украины олон улсын социологийн хүрээлэн өнгөрсөн тавдугаар сард явуулсан судалгааныхаа дүнг нийтэлсэн бөгөөд санал асуулгад оролцсон хүмүүсийн 60 гаруй хувь нь ерөнхийлөгч Володимир Зеленськийн засаглалд сэтгэл хангалуун байгаа гэж мэдэгдлээ. Өнгөрсөн 2022 оны тавдугаар сард оросын түрэмгийлэл эхэлснээс хойш анх удаа явуулсан санал асуулгаар түүний ажлын гүйцэтгэлийг 90 хувьтай гэж дүгнэж байсан юм. Тэгвэл Украины ард түмэн Володимир Зеленськийд дэмжлэг үзүүлж байгаа ч нөхцөл байдал бага зэрэг өөрчлөгдсөнийг судалгааны дүн харуулж байна. Санал асуулгад оролцсон Украины иргэд авлигатай тэмцэх ажил урагшлаагүй болон дайнаас улбаатай дарамт шахалт өсөн нэмэгдсэн явдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байна.

Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн 3-р сард Украины ээлжит ерөнхийлөгчийн сонгууль болоогүй тул В.Зеленский хууль ёсны байдлаа алдсан гэж мэдэгдсэн байна.