Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж, шугам сүлжээний 67 хувь нь насжилтын хугацаа дууссан
Зуны үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоолоо. Одоогоор Улаанбаатар хотод үерийн ус ихээр тогтдог 50 байршлын 22 байршилд ус зайлуулах шугам сүлжээ, үерийн далан байгуулах ээрэг ажлууд хийгдэж байгаа талаар албаныхан мэдээллээ. 

Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж, шугам сүлжээний 67 хувь нь насжилтын хугацаа дууссан байна. Тиймээс шинэ далан байгуулах ажил хийгдэж байна. Мөн нийслэлийн үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугамын шинэчлэл, засварын ажлыг хийж байгаа юм байна. Тодруулбал, Төв Цэнгэлдэх, Дарь Эх, 5 шар түүнчлэн зуслангийн бүс гээд борооны ус зайлуулах шугамыг шинээр хэд хэдэн байршилд хийж байгаа юм байна.

Мөн нийслэлд 2000 гаруй айл өрх үерийн эрсдэлтэй бүсэд байгаа юм. Үүнээс одоогоор 800 гаруй айл өрхөд мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Гэхдээ нүүсэн айл өрх байхгүй байгаа юм байна. Үүнээс гадна өнгөрсөн жилийн зуны үерээс илүүтэйгээр машин, техник тоног төхөөрөмжөө хүчитгэн сайжруулж бэлэн байдлаа ханган ажиллаж байгаа талаар мэдээллээ.

Үүнээс гадна сурагчдын амралт эхэлж, иргэд аялж зугаалж явахдаа гол усанд орох, зам товчлох зорилгоор гол машинаараа гаталснаас үүдэж усны аюулд өртөх эрсдэл өндөр байгаа юм. Тухайлбал, саяхан налайх дүүрэгт 16 настай хүүхэд хиймэл нуурт живж амиа алдсан байна.

Ийнхүү ахуйн хүрээнд хүүхэд багачууд усанд өртөж амиа алдах тохиолдлууд байгаа юм. Мөн нийслэлийн үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд холбогдох арга хэмжээг албаныхан авч ажиллаж байгаа юм.