АНУ-ын Делавэр мужийн тангарагтны шүүх бүрэлдэхүүн Цагаан ордны тэргүүний хүү Хантер Байденыг гурван эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзжээ

АНУ-ын Делавэр мужийн тангарагтны шүүх бүрэлдэхүүн Цагаан ордны тэргүүний хүү Хантер Байденыг гурван эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзжээ. Тухайлбал өнгөрөгч Мягмар гарагт түүнийг галт зэвсэг хууль бусаар олж авсан, эзэмшсэн хэрэгт гэм буруутай болохыг мэдэгджээ.

Өнгөрсөн Мягмар гарагт Делавэр мужид болсон шүүх хурлын дараа цагаан ордны тэргүүн Жо Байдены хүү Хантер Байденг хууль бусаар галт зэвсэгт худалдан авсан хэрэгт буруутай гэж үзжээ.  Хантер Байден галт зэвсгийн борлуулалт, эзэмших эрх нь нээлттэй улсад яагаад ийм төрлийн гэмт хэрэгт буруутгагдсан нь олны анхаарлыг татаж байсан юм. Тэгвэл Хантер Байден хар тамхи, мансууруулах бодисын хэт хамааралтай байх үедээ биеийн байцаалтаа хуурамчаар мэдүүлж галт зэвсэг худалдаж авсан нь түүнийг эрүүгийн гэмт хэрэгт татагдах үндэслэл болжээ.

Өмнө нь АНУ-ын аль ч ерөнхийлөгчийн хүүхэд, гэр бүлийн гишүүн гэмт хэрэгт холбогдож байгаагүй бол Хантер Байден уламжлалт байдлыг эвдэж, сөрөг амжилтын эзэн болж байна.  Шүүх хурлын сонсголын үеэр прокурорууд Хантер Байденыг 2018 онд гар буу худалдаж авах үедээ кокайн хэмээх мансууруулах бодист донтсон байсан гэж мэдэгдсэн байна. Холбооны хуулиар хар тамхи хэрэглэгчдийг галт зэвсэг эзэмшихийг хориглодог байна мөн прокурорууд түүнийг галт зэвсэг худалдаж авахын тулд биеийн байцаалтаа худал мэдүүлсэн хэрэгт буруутгасан байна.

Хантер Байден өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн ч тангарагтны шүүгчид түүнийг хууль зөрчсөнийг нотлох баримтуудыг харуулсан байна. Мөн шүүх бүрэлдэхүүн түүний эхнэр, хуучин найз охиныг гэрчээр дуудаж мэдүүлэг авснаа хэлж, хангалттай баримт олдсоныг мэдэгджээ. Шүүх бүрэлдэхүүн Хантер Байденд 25 жилийн хорих ял тулгасан ч яллагдагч давж заалдах шатны шүүхэд хандах хүсэлтээ хүргүүлсэн байна.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хүүтэй нь холбоотой хэрэг нь хувь хүний хариуцлагатай холбоотой асуудал тул шүүхийн ямар ч шийдвэрийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэн үзэхээ хэлсэн байна.