ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногт Умард Солонгос, Вьетнам хоёр улсад төрийн айлчлал хийхээр болжээ
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх долоо хоногт Умард Солонгос, Вьетнам хоёр улсад төрийн айлчлал хийхээр болсныг “"Ведомости" сонин дипломат эх сурвалжаас эш татан мэдээлжээ. В.Путины эхний зогсоол Пёньян байх төдийгүй Умард Солонгосын эрх баригчид төрийн айлчлалд идэвхтэй бэлтгэж эхэлсэн хэмээн эх сурвалжууд хэвлэлд ярьсан байна.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины төрийн айлчлал Умард Солонгосоор тогтохгүй бөгөөд дараагийн зогсоол Вьетнам улс гэж эх сурвалжууд хэлсэн байна. Өнгөрсөн оны 9-р сард ОХУ-ын алс Дорнодын Владивосток хотноо В.Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар уулзаж хэлэлцээ хийсэн юм. Айлчлалынхаа үеэр Ким Жон Ун  “Восточный” сансрын буудалтай танилцахын зэрэгцээ Кремлийн эрх баригчидтай дэвшилтэт технологи болон батлан хамгаалах салбарт хамтран ажиллах зөвшилцөлд хүрсэн гэж шинжээчид үзэж байгаа юм.

Тэгвэл В.Путины төрийн айлчлалын өмнө Кремлийн зүгээс “ОХУ-ын засгийн газар умард солонгостой бүх салбарт түншлэлийн харилцаа тогтоохыг хүсэж байгаа” хэмээн мэдэгдлээ. Европ тивийн газар нутагт дайн эхэлснээс хойш ОХУ-ын засгийн газар умард солонгос болон Иран тэргүүтэй улс орнуудтай эрчимтэй хамтран ажиллаж байгаа нь барууны хууль тогтоогчдын санааг чилээж байгаа юм.

 2024 он гарсаар ОХУ-ын Зэвсэгт хүчин Умард Солонгосоос илгээсэн алсын тусгалтай баллистик пуужингуудыг ашиглан Украины газар нутагт цохилт өгч эхэлсэн төдийгүй энэ нь хөдлөшгүй баримтаар нотлогдоод байна.

Тэгвэл ирэх долоо хоногт хоёр улсын удирдагч Умард Солонгосоос цагаач ажилчдыг ОХУ-д авчрах, зэр зэвсгийн нийлүүлэлт, тагнуулын хиймэл дагуултай холбоотой асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлэх төлөвтэй байгааг эх сурвалжууд хэлж байна.   Украины дайны улмаас орос улс ажиллах хүчний хомсдолд орсон нь ил болсон асуудал юм. Хөдөлмөрийн идэвхтэй насны олон мянган залуус цэргийн дайчилгаанаас дайжиж эх орноо орхин гарж байгаагийн зэрэгцээ оросын шинжлэх ухаан, технологийн салбарын ажилчид илүү дээр боломж нөхцөл хайн хилийн чанадыг зорих болсон юм. Албан бус судалгаагаар Украины дайн эхэлснээс хойш оросын 1.5 сая хөдөлмөрийн идэвхтэй насны буюу 22-40 насны залуус эх орноо орхин гарсан эсвэл буцаж очих боломжит цагийг хүлээн гадаадад улсад орогнож байгаа тухай дурджээ.