Өнөөдөр олон улсын хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр тохиож байна.​ Дэлхий нийтээр энэ өдрийг “Амлалтаа биелүүлье, хүүхдийн хөдөлмөрийг устгая!” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд аюултай хөдөлмөр эрхэлж байгаа 60 орчим мянган хүүхэд байна. Мөн хөдөлмөр эрхэлж байгаа нийт хүүхдийн 48 хувь нь амьжиргааны түвшин доогуур өрхийн хүүхдүүд байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тэгвэл цаашид эдгээр айл өрхүүдийн амьжиргааг дээшлүүлэх, эцэг эх, асран хамгаалагчийг нь ажлын байраар хангах зэргээр хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд хэлж байна.

Хүнд ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь морь унах, мал маллах,барилга угсрах , газар тариалангийн механикжсан ажлыг хийдэг байна. Монгол улс 2016 оноос эхлэн хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг бүрэн устгах дэлхийн зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр ажиллаж байгаа. Харин сүүлийн жилүүдэд ядуурлын түвшин буураагүй хүүхдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдсээр байгаа юм.

Ирэх 9 дүгээр сарын нэгнээс эхлэн хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлнэ. Тус хуульд хүүхдийн эрхийн улсын байцаагчийн ажлын орон тоог нэмэгдүүлэх, мөн эрх үүргийг нь нэмж тодорхойлжээ. Мөн  энэ чиглэлээр цаашид олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон байна.

Мөн ажил эрхэлж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь эрхээ мэддэггүй учраас хөдөлмөрийн мөлжлөгт өртдөг. Тиймээс хөдөлмөр эрхлэлтийн талаар ажил олгогч, хүүхэд болон гэр бүлд мэдээлэл өгөх шаардлагатай байна. Цаашид хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг бууруулахад холбогдох бүхий л байгууллагын уялдаа холбоо чухал гэдгийг албаныхан онцолж байсан юм.