Сүүлийн 10 жилийн хугацаанд мотоциклийн ослын улмаас амь насаа алдсан иргэдийн тоо 1000 давжээ
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хөдөө орон нутагт насанд хүрээгүй хүүхэд мотоцикл унаж осолдох тохиолдол ихэсжээ. Мөн хөдөө орон нутагт хүүхдүүд малд явахдаа мотоцикл унаж явснаас үүдэн осолдох тохиолдол бүртгэгдэж байгаа юм байна. Энэ оны эхний 5 сарын байдлаар тээврийн цагдаагийн албанд энэ төрлийн 169 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс 91 хүн гэмтэж, 24 хүн амиа алдсан байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд мотоциклийн ослын улмаас амь насаа алдсан иргэдийн тоо 1000 давжээ энэ нь ганцхан жилд л 100 гаруй хүн амиа алддаг гэсэн үг. Мотоцикл нь шатахуун бага зарцуулдаг, хол газрыг богино хугацаанд туулдаг, унахад хөнгөн, үнэ хямд, сэлбэг нь элбэг гэсэн шалтгаанаар орон нутгийн иргэд мотоцикл сонгож, ахуйн амьдралдаа ихээр ашиглаж байна.гэсэн  хэдий ч энэ бүхний цаана амь насаа алдах аюул байнга дагаж байдаг. Малчид хамгаалалтын хэрэгсэл ашигладаггүй, түүгээр ч барахгүй техникийн бүрэн бүтэн байдал ч хангалтгүй байдаг.  Тиймээс малчдыг заавал техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хамгаалалтын хэрэгсэлтэйгээр мотоцикл унаж зорчихыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Мөн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүд хөдөө гэртээ харих, зарим нь ах дүү хамаатан садныхыгаа зорьдог. Тэд амралтын хугацаандаа аав ээж ах дүүдээ тусалж малаа хариулдаг. Зарим эцэг эх асран хамгаалагчид насанд хүрээгүй хүүхдэдээ багаас нь мотоцикл жолоодохыг зааж өгдөг. Хүүхдүүд эцэг эхийгээ эзгүй байх үед мотоцикл унаж баталгаагүй замаар малдаа явж байх үедээ осолд өртдөг байна. Хүүхдүүд зөвхөн унахаас өөр тухайн мотоциклийн техникийн бүрэн бүтэн байдал, саадыг хараад зогсоох арга хэмжээг хэрхэн авах гэх мэт наад захын мэдлэгийг бүрэн эзэмшээгүйн улмаас осолд орж гэмтэж бэртэх, хөдөлмөрийн чадвараа алдах, үүгээр ч зогсохгүй амиа алдах ч эрсдэл бий гэдгийг мэргэжилтэн хэлж байна. Хэрэв насанд хүрээгүй хүүхэд мотоциклын улмаас осол гаргаж бусдыг гэмтээсэн тохиолдолд эцэг эхийг нь зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу хариуцлага тооцох юм байна. Мөн эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлсэн гэх үндэслэлээр эцэг эхэд ч арга хэмжээ авдаг юм байна.

Ослын үед амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн гэмтэл авсан байдлаас харахад толгой, цээж, хөлийн хэсэгт авсан гэмтэл хамгийн өндөр хувь эзэлж байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

Мотоциклын осол нь хүний амь насанд нөлөөлөөд зогсохгүй хөдөлмөрийн чадвараа алдахад ч ихээр нөлөөлж байна. Тиймээс эцэг эхчүүд урин дулааны энэ цаг үед насанд хүрээгүй хүүхдээр мотоцикл унуулахгүй байх, мотоцикл унасан тохиолдолд хамгаалалтын хэрэгслийн бүрэн бүтэн өмсөж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахад анхаарах шаардлагатай байгааг албаныхан хэлж байна.