Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёль төв азийн 3 улсад төрийн айлчлал хийж байна
БНСУ-ын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох автомашин үйлдвэрлэгчид нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нь нэн чухал хэрэгцээтэй ашигт малтмалын эрэлд гараад байгаа юм. Тэгвэл Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёль төв азийн 3 улсад төрийн айлчлал хийх үеэрээ үйлдвэрлэгчдийнхээ эрэлтийг хангахын тулд Төв Азийн зах зээлийн боломжийг ашиглахыг эрмэлзэж байна.

БНСУ-ын эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон үндэстэн дамнасан томоохон аж ахуйн нэгжүүддээ бизнесийн таатай орчныг нь бүрдүүлж өгөх, ингэснээр тус улсын эдийн засаг тэлж, ард иргэд нь ажил орлоготой байх ёстой гэж өмнөд солонгосын ерөнхийлөгч, хэт барууны үзэл баримтлалтай Юн Сок Ёль үздэг байна. Энэ долоо хоногт тэрээр  төв азийн 3 улсад төрийн айлчлал хийж байгаа төдийгүй айлчлалын бүрэлдэхүүнд Samsung, Hyundai зэрэг БНСУ-ын томоохон компани, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл багтжээ. Түүний айлчлалын гол зорилго бол хагас дамжуулагчийн гол түүхий эд болох цахиур, германиум болон литий, хром, уран зэрэг газрын ховор элементийн хайгуулыг Төв Азийн улс орнуудтай хамтран, бүс нутагт нь явуулах явдал юм байна. Айлчлалын хүрээнд Лхагва гарагт Юн Сок Ёль Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтой уулзаж, ашигт малтмалын хайгуул, олборлолт, нийлүүлэлтийн өргөн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Казахстаны Астана хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Юн Сок Ёль, "Хоёр улсын эдийн засаг дэлхий нийтийн ээдрээтэй байдал, хямрал, тодорхой бус нөхцөл байдалтай нүүр тулаад буй чухал энэ үед хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгууллаа.” Хэмээн мэдэгдсэн байна.

Энэ долоо хоногийн эхээр Юн Сок Ёль Туркменистан улсад хийсэн айлчлалынхаа үеэр эрчим хүчний нөөцөө хамтран бэхжүүлэх, уул уурхайн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Ингэснээр 2 улсын хамтын ажиллагааны үр ашиг 6 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. Түүнчлэн айлчлалын хүрээнд Хьюндай инженеринг компани Туркменистаны төрийн өмчит байгалийн хийн болон химийн компанитай 3 тэрбум ам.долларын өртөг бүхий худалдан авалтын гэрээ байгуулжээ. Мөн хоёр улс галкыныш хийн ордыг нэмэлтээр ашиглах, Туркменстан дахь полимер үйлдвэрийг сэргээх чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Энэ сарын эхээр Өмнөд Солонгосын Засгийн газар Африкийн 48 орны удирдагчдыг оролцуулсан дээд хэмжээний уулзалтыг анх удаа зохион байгуулж, тус тивийн ашигт малтмалын нөөц болон экспортын зах зээлийн нөөц бололцоог ашиглах зөвшилцөлд хүрсэн байна.