Итали улсын Борго Эгназия хотод “Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт албан ёсоор эхэлж байна
Өнөөдөр буюу Пүрэв гарагт Итали улсын Борго Эгназия хотод “Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт албан ёсоор эхэлж байна. Энэ уулзалтад АНУ, Япон, Канад, Герман, Франц, Итали, Их Британийн төр засгийн тэргүүнүүд оролцохоос гадна Европын холбооны эрх баригчид  бүх хэлэлцүүлэгт оролцдог уламжлалтай юм байна.

Пүрэв гарагт 7-н бүлгийн удирдагчид уур амьсгалын өөрчлөлт болон хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэх бол дараагаар нь Украины дайныг тойрсон асуудлаар хоёр ч удаагийн хэлэлцээ өрнүүлэх төлөвтэй байна.

Дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр долоогийн бүлгийн удирдагчид газар дундын тэнгис, эрчим хүч, цагаачлал, Энэтхэг Номхон далайн бүс нутаг, эдийн засгийн аюулгүй байдлын талаар ярилцах хөтөлбөр зарлагджээ. Мөн тэд хиймэл оюун ухааны хэрэглээ, учруулж болзошгүй эрсдэл, хэтийн төлөвийг идэвхтэй хэлэлцэнэ гэдгийг албаны эх сурвалжууд хэлж байна.

Тэгвэл уулзалтын сүүлийн өдөр “Долоогийн бүлэг”-ийн удирдагчид Өрнөдийн улс орнуудад битүүмжлэгдсэн ОХУ-ын гадаад хөрөнгийг Украины сэргээн босголтод зарцуулах асуудлыг нухацтай хэлэлцэхээр төлөвлөжээ.

Үүнээс гадна АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден энэхүү уулзалтын үеэр Украины эрх баригчидтай аюулгүй байдлын шинэ гэрээнд гарын үсэг зурах юм байна. Мөн өрнөдийн долоон улсын эрх баригчид БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын өргөжин тэлэлт, төрийн татаас бүхий хямд өртөгтэй бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн эсрэг авах арга хэмжээг хэлэлцэх юм байна

Түүнчлэн уг уулзалтын үеэр Өрнөдийн хууль тогтоогчид Хятад улсын жижиг банк санхүүгийн байгууллагуудыг онилсон хориг арга хэмжээ авч магадгүй гэж шинжээчид үзэж байна. Учир нь Оросын бизнес эрхлэгчид Өрнөдийн хориг арга хэмжээг тойрон гарахын тулд Хятадын жижиг арилжааны банкуудаар дамжуулан гүйлгээ хийж байгаа нь нэгэнтээ нийтэд ил болсон юм.