Үерийн ус ихээр тогтдог 50 байршлын 22 байршилд нь ус зайлуулах шугам сүлжээ, үерийн далан байгуулах ажлууд хийгдэж байна

Өнгөрсөн зуны үерээр нийслэлийн иргэд багагүй хохирол амссан. Тул энэ зун дахин эрсдэл гаргахгүйн тулд холбогдох албаныхан урьдчилсан сэргийлэх ажлууд хийсээр байна.

  • Энэ зуны үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоогоод байна.
  • Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотод үерийн ус ихээр тогтдог 50 байршлын 22 байршилд ус зайлуулах шугам сүлжээ, үерийн далан байгуулах, засварлах, лаг шаврыг цэвэрлэх ажлууд хийгдэж байгаа юм байна.
  • Өнөөдрийн байдлаар нийслэлийн 6 байршилд нь борооны ус зайлуулах шугам, үерийн далангийн засварын ажил хийж дуусгажээ.
  • Мөн үерээс урьдчилан сэргийлэх инженерийн барилга байгууламжийг сайжруулах хүрээнд s’outlets дэлгүүрийн барилгыг нураасан хэсэгт төмөр бетонон далан байгуулах ажлын тендерийг өнөөдөр  нээлээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлжээ.
Голын голдирлыг өөрчлөн барьсан S'outlets дэлгүүрийн барилгыг өнгөрсөн 5-р сард бүрэн нурааж, үерийн далан барихаар болсон. Тэгвэл тус хэсэгт баригдах үерийн далангийн тендер өнөөдөр нээгдэж байгаа юм байна. Мөн үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд сэлбэ голын лагийг доошлуулж байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлж байна.

Мөн голын голдирлыг өөрчлөн барьсан aqua garden хотхоны асуудал шүүх дээр хэлэлцэгдэж байна. Хэрэв тус барилгыг нураабал голын урсцыг харж ус хуримтлуулах сан юм уу эсвэл үерийн даланг барихаар төлөвлөж байгаа юм байна. Мөн нийслэлийн үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугамын шинэчлэл, засварын ажлыг хийж байгаа талаар албаныхан мэдээлж байна. Тодруулбал, Төв Цэнгэлдэх, Дарь Эх, 5 шар түүнчлэн зуслангийн бүс гээд борооны ус зайлуулах шугамыг шинээр хэд хэдэн байршилд хийж байгаа талаар мэдээлсэн юм

Үүнээс гадна өнгөрсөн жилийн зуны үерээс илүүтэйгээр машин, техник тоног төхөөрөмжөө хүчитгэн сайжруулж бэлэн байдлаа ханган ажиллаж байгаа талаар мэдээллээ.

Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламж, шугам сүлжээний 67 хувь нь насжилтын хугацаа дууссан. Тиймээс ч шинэ далан байгуулах, засварлах ажлууд хийгдэж байгааг ийнхүү албаныхан мэдээлж  байна.