“Долоогийн бүлэг” ОХУ-ын царцаасан хөрөнгөөс 50 тэрбум ам.долларыг нь Украины сэргээн босголтод зарцуулна
“Долоогийн бүлэг”-ийн орнуудын удирдагчид Украины Зэвсэгт хүчинд зэр зэвсэг хэрэгтэй байгаагаас гадна дайны хөлд нэрвэгдсэн улсын дэд бүтцийн сэргээн босголтод үлэмж хэмжээний санхүүжилт хэрэгтэй гэж үзэж байна. Пүрэв гарагт тус бүлгийн удирдагчид Оросын царцаасан хөрөнгийн ирээдүйд орж ирэх хүүгийн ашгийг оруулан тооцсоноор Украины Засгийн газарт 50 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор тохиролцсон байна.

Өнгөрсөн Пүрэв гарагт дэлхийн тэргүүлэх эдийн засаг бүхий 7 улсын удирдагч Италийн Пуглиа мужид дээд хэмжээний уулзалт хийсэн бөгөөд Украины ерөнхийлөгч В.Зеленський урилгаар оролцсон байна. Мөн Украины төрийн тэргүүн дайн эхэлснээс хойш Долоогийн бүлгийн удирдагч нартай нэг дор хоёр дахь удаагаа нүүр тулан уулзаж байгаа нь энэ болжээ. Тэгвэл уулзалтын эхний өдөр удирдагч нар европын томоохон банкуудад хадгалагдаж байгаа оросын 300 тэрбум ам.долларын өртөг бүхий алт, гадаад валютыг ашиглах боломжийн талаар хэлэлцсэн байна. Гурван цаг гаруй хэлэлцсэний эцэст тэд Украины Засгийн газарт 50 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөсөн бөгөөд зээлийн эргэн төлөлтийг Оросын царцаасан хөрөнгийн хүүгийн ашгийг оруулан тооцсон байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын эрх баригчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулах хүртэл, бүр гал зогсоосны дараа ч гадаад хөрөнгийг нь царцаасан хэвээр байх төдийгүй Украины Засгийн газар баталгаа гаргаснаар дундын асуудал шийдвэрлэгдэн гэдгийг Кремлийн талд анхааруулсан байна. Германы канцлер Олаф Шольц "Энэ зээл бол Украины ард түмэнд тусгаар тогтнолоо хамгаалахад шаардлагатай эр зоригийг өгөх амлалт юм” хэмээн мэдэгдсэн байна.

Дэлхийн банкны шинжээчид Украины сэргээн босголтын зардал 480 тэрбум долларыг давахаас гадна хохирлыг барагдуулж, хуучин дэд бүтцүүдийг сэргээн засварлахад багадаа 10 жилийн хугацаа шаардлагатай гэж тооцоолж байна. 

Тэгвэл ОХУ-ын эрх баригчид тэдний хөрөнгийг захиран зарцуулж байгаа явдал нь хууль бус үйлдэл болохыг хариу мэдэгдлээ. Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Киевийн дэглэмийг хэн нэгний мөнгөөр ​​дэмжих нь "Санхүүгийн тогтолцоог тэнцвэргүй болгож, гамшигт хямралыг бий болгоно" гэдгийг анхааруулжээ.