2023 оны тоо мэдээллээр дэлхий даяар албадан дүрвэгсдийн тоо 120 саяд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон тухай НҮБ-ын дүрвэгсдийн агентлагаас мэдэгджээ
2023 оны тоо мэдээллээр дэлхий даяар албадан дүрвэгсдийн тоо 120 саяд хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон тухай НҮБ-ын дүрвэгсдийн агентлагаас мэдэгджээ. Тус байгууллагаас энэ сарын 20-ны өдөр болох дэлхийн дүрвэгсдийн өдрийг угтан албан ёсны тайлан, статистик тоон мэдээллийг өчигдөр буюу Пүрэв гарагт танилцуулсан байна.

НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд Комиссарын газраас нийтэлсэн тайланд мөргөлдөөн, мөрдлөг, хавчлага, хүний ​​эрхийн зөрчил зэрэг шалтгааны улмаас байнгын оршин суудаг газраа орхин дүрвэхээс өөр аргагүйд хүрсэн хүмүүстэй холбоотой сүүлийн үеийн статистик мэдээллийг багтаажээ.

Өнгөрсөн 2023 оны байдлаар дээр дурдсан шалтгааны уршгаар дүрвэсэн хүмүүсийн тоо 120 саяд хүрсэн нь 2022 оныхоос 8.8 саяар өсөн нэмэгдсэн үзүүлэлт болсноос гадна урьд өмнө нь дүрвэгсдийн тоо ийм хэмжээнд хүрч байгаагүй юм. Түүнчлэн өнгөрсөн 2023 онд статистик  тоон үзүүлэлт 12 удаа шинэчлэгдсэн ч буурах чиглэлд бус, тохиолдол бүрд тоон үзүүлэлт өсөн нэмэгдэж байжээ.

Өнгөрсөн оны 10-р сард Израил болон Хамас зэвсэгт байгууллагын хооронд мөргөлдөөн эхэлснээс хойш газын зурвасын нийт оршин суугчдын 75 хувь нь буюу 1.7 сая хүн дүрвэсэн байна.

Өнгөрсөн онд иргэний дайн, дотоодын мөргөлдөөний уршгаар Судан улсын 7.1 сая иргэнийг албан шахалтаар нүүлгэн шилжүүлсэн төдийгүй тэдгээрийн 2 сая гаруй нь хөрш зэргэлдээх улс орнуудад орогнож байна. 2023 онд Суданы арми болон хагас цэрэгжүүлсэн бүлэглэлийн хооронд засаг захиргааны эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөж, цуст мөргөлдөөн гарснаар хүмүүнлэгийн ноцтой хямрал бий болсон юм.

НҮБ-ын тэргүүн А.Гуттериш албадан дүрвэгсдийн тоо дээд үзүүлэлтэд хүрсэнд ихээхэн санаа зовниж байгаагаа илэрхийлээд нөхцөл байдлыг хамтын хүчээр даван гарахын тулд олон улсын нэгдсэн хүчин чармайлт, дэмжлэг хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэжээ. Дэлхий даяар албадан дүрвэгсдийн тоо 120 саяд хүрсэн нь япон улсын нийт хүн амтай эн тэнцүү үзүүлэлт болж байгаа юм.