Энэ онд багтаан нийслэлээс 500 тэрбум хүртэлх төгрөгийн бонд гаргахаар төлөвлөжээ

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар нийслэл хотын 2024 оны төсвийн тодотголын эхний хэлэлцүүлгийг өнгөрөгч Пүрэв гаригт хийжээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг танилцуулсан байна. Нийслэл хот энэ онд багтаан 500 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжих болсонтой холбогдуулан 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүсжээ. Бондын зарцуулалтын дийлэнх хувийг Бөөрөлжүүтийн цахилгаан станц зэрэг зарим төсөл арга хэмжээг эрчимжүүлэхэд зарцуулж байгаа юм байна.  Тэгвэл уг төсвийг зарцуулахад техник эдийн засгийн үндэслэл хангагдсан эсэх, эргээд эдийн засагт хэр үр өгөөжтэй вэ гэдгийг урьдчилан тооцоолох шаардлагатай гэдгийг эдийн засагч сануулж байна.

Засгийн газрын тогтоол, НИТХ-ын тэмдэглэлээр “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон нийслэлийн дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтийн баримт бичигт нийцүүлэн холбогдох төсөл арга хэмжээг нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал:
  • Бөөрөлжүүтийн ЦС-ын төслийг эрчимжүүлэх, УБ хотын эрчим хүчний суурь хэрэглээг хангахад 300.0 тэрбум төгрөг
  • УБ хотын гол болон туслах гудамж, замуудын хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын сүлжээг өргөтгөх, шинэчлэх, засварлахад 150.0 тэрбум төгрөг
  • Ариутгах бохир усны “Туул-1” коллекторын байгууламжийн ажилд 40.0 тэрбум төгрөг
  • Үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламжийн ажилд 6.0 тэрбум төгрөг
  • Андеррайтинг үйлчилгээний зардалд 4.0 тэрбум төгрөг санхүүжүүлэхээр тусгажээ

2012-2016 онд засгийн газар дотооддоо өндөр хүүтэй бонд гаргаж байсан ч эдийн засагт үр өгөөжөө өгсөн өөрчлөлт гараагүй байна. Харин нийслэл бонд гаргах талаар өнгөрсөн жил яригдаж байсан ч ногоон автобусны худалдан авалттай холбоотойгоор уг асуудал хойшлогджээ. Тэгвэл уг төсвийг зарцуулахад техник эдийн засгийн үндэслэл хангагдсан эсэх, эргээд эдийн засагт хэр үр өгөөжтэй вэ гэдгийг урьдчилан тооцоолох шаардлагатай юм байна.

Нийслэлийн энэ жилийн төсвийн орлогыг хүлээгдэж буй гүйцэтгэл, орлого буурах болон давж биелэх бодит шалтгаан, нөхцөлийг тооцсоны үндсэн дээр хотын төсвийн орлогыг 9.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр хотын төсвийн нийт орлогыг 1 их наяд 113.3 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн нийт орлогыг 3 их наяд 156,1 тэрбум төгрөг байхаар тооцож төсвийн тодотголд тусгажээ.