Эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд хамрагдсан, бие бялдрын хувьд эрүүл чийрэг 17-65 насны иргэд донор болох боломжтой. Эрэгтэй донор 400 грамм, эмэгтэй донор 350 грамм цусыг нэг удаадаа өгснөөр тэдний бэлэглэсэн цус 3 хүний амь насыг авардаг байна. Нэг иргэнээс авсан 350 грамм цус нь улаан эс, ялтаст эс, сийвэн гэсэн 3 төрлийн цусан бүтээгдэхүүн болдог. Сийвэнгийн бүтээгдэхүүнийг хадгалах хугацаа урт байдаг учир нөөц хангалттай байдаг. Харин ялтасын бүтээгдэхүүнийг 3-5 хоног л хадгалах хугацаатай учир өдөр тутам цус цуглуулах шаардлагатай бий. Иргэд цусаа бэлэглэснээр бусдын амь насыг авраад зогсохгүй өөрийн эрүүл мэндэд ч эерэг нөлөө үзүүлдэг. Тухалбал 3 сар тутамд цусаа өгснөөр цусны бүрэн шинжилгээнд хамрагдаж цус өтрөх өвчин, элэгний в, с вирусээс өөрийгөө хамгаалах, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж эрүүүл мэнддээ хяналт тавих бүрэн боломжтой. Тиймээс цусаа хандивлаж өөрийн эрүүл мэнд болон бусдын амь насыг авран хамгаалах үйлд идэвхтэй оролцохыг иргэдийн зүгээс уриалж байна.
Монгол улсын хэмжээнд нийт 170 мянга гаруй цусны донор байдаг. Эдгээр иргэдийн 60 орчим хувь нь цусаа тогтмол өгдөг хүмүүс байдаг юм байна. Жил ирэх тусам цусаа хандивлах иргэдийн тоо нэмэгдэж байгаа хэдий ч зарим тохиолдолд цусны нөөц багасах тохиолдол гардаг. Тухайлбал иргэд зуны улиралд аялал зугаалгад явдаг энэ үеэр цусаа хандивлах иргэдийн тоо буурдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд өвөл хаврын улиралд цусны нөөцөө бүрдүүлдэг гэж мэргэжилтэн хэлж байна.
Манай улс эрс, тэс уур амьсгалтай бусад улс орнуудтай харьцуулахад махан хоол их хэрэглэдэг. Хүнд төрлийн хоол идсэний дараа цусаа өгөхөд шаардлага хангадаггүй. Тиймээс үдээс өмнө буюу махан төрлийн хоол идээгүй хөнгөн хооллолттой үед цус авахад тохиромжтой байдаг байна. 17-60 насны 45кг-с дээш жинтэй өөрийгөө эрүүл гэж бодож байгаа аль ч бүлгийн цустай хүн донор болох боломжтой. Иргэд Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төвийн төв байр, нэгдүгээр эмнэлгийн хажууд байрлах цус цуглуулах байр болон бусад салбаруудад очин цусаа хандивлах боломжтой.