“Ковид-19”-ийн цар тахал нь дэлхий дахинд хөдөлмөр эрхлэгчдийн ажил болон хувийн амьдралын хоорондох шугамыг бүдгэрүүлсэн. Ажил гэдэг тодорхойлолт өөрчлөгдөж хөдөлмөр эрхлэгчид зөөврийн компьютер, ухаалаг гар утас болон бусад төхөөрөмж дээр гэрээсээ ажилладаг болсон юм. Мөн гэрээсээ ажиллана гэдэг нь хөдөлмөр эрхлэгчийн ажлын байр нь гэр нь байна гэсэн утгыг агуулж байсан юм.
Тэгвэл Австрали улсад албан ёсоор хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хуулийн зохицуулалт нь хөдөлмөр эрхлэлтийн хил хязгаар, ажил амьдралын тэнцвэрийг хангах "Хөдөлмөр эрхлэгчид ажлын цагаас бусад тохиолдолд ажил олгогчтойгоо харилцах, холбоо барих оролдлогыг таслан зогсоох, мөн хариу өгөхөөс татгалзах эрхийг олгох” үүрэгтэй байна. Цар тахлын үед тогтсон гэрээсээ ажиллах арга барил нь компанийн удирдлага, дарга захирлаас хөдөлмөр эрхлэгчдэд учруулах дарамт шахалтыг улам эрчимжүүлсэн гэдэг нь судалгаагаар тогтоогдсон байна. Аделаидын их сургуулийн хуулийн сургуулийн доктор Габриэль Голдинг хэлэхдээ цалин багатай илүү цагаар ажиллах нь стресс, ядрахад хүргэдэг. "Ажилчид ажлын өдөр нь дуусаж, зөвхөн тодорхой нөхцөл л биш бол хувийн цагаараа ажилтай холбоотой асуудлаар харилцаа тогтоох нь дарамтыг үлэмж хэмжээгээр өсгөн нэмэгдүүлдэг” хэмээн хэлсэн байна. Нөгөөтээгүүр хуулийн зохицуулалт нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх арга замыг ажил олгогчдод бий болгоно гэдэгт судлаачид итгэлтэй байна. Австралийн хүрээлэнгийн явуулсан судалгааны үр дүнгээс үзвэл өнгөрсөн 2023 онд тус улсын нэг ажилтан дунджаар цалин хөлсгүй 281 цаг илүү ажилласан нь тогтоогдсон бөгөөд мөнгөн дүнгээр илэрхийлбэл нэг төрлийн хөдөлмөрийн мөлжлөгийн өртөг нь 88 тэрбум ам.долларт хүрч байгаа юм.