Белгород хотын захирагч Гладков “ОХУ-ын засгийн газар зовж шаналсан бүх оршин суугчдад тусламж үзүүлэхэд анхаарал хандуулж байна. Одоо бидний хийх зүйл бол сорилт, бэрхшээлийг даван туулах явдал” хэмээн хэлсэн байна.
Украины арми хоёр долоо хоногийн өмнө ОХУ-ын Курск муж руу хуурай замын гэнэтийн довтолгоо хийснийхээ дараа бүс нутагт агаараас өгөх цохилтоо эрчимжүүллээ. Энэ сарын дундуур Украины арми агаарын цохилтоо эрчимжүүлсний дараа Курск мужийн засаг захиргаа бүс нутгийн хэмжээнд онц байдал зарлаж, одоогоор 130 мянга орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлчхээд байгаа юм байна. Түүнчлэн ОХУ-ын батлан хамгаалах яам Украины гэнэтийн давшилтыг няцаахын тулд Курск муж руу нэмэлтээр олон мянган цэрэг, их бууны анги нэгтгэлийг илгээж байгаагаа мэдэгдлээ.
Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн ням гарагт ОХУ-ын зэвсэгт хүчин Украины зүүн хэсгийн Донецк мужийн Краматорск дахь нэгэн зочид буудалд агаарын цохилт өгсний уршгаар Ройтерс агентлагийн нэг ажилтан амиа алдаж, хоёр сэтгүүлч шархадсан байна. Донекц мужийн захирагч Филашкин Их Британийн иргэн амиа алдсан бол АНУ болон Украины сэтгүүлч шархадсан гэдгийг албаны мэдэгдэлд дурджээ.
Тэгвэл "Ройтерс" агентлагийн мэдэгдэлд, зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг Краматорск дахь "Сапфир" зочид буудалд түр буудаллах үеэрээ агаарын цохилтын бай бас хохирогч болжээ. Ослын дараа Ройтерс агентлаг шуурхай тайлбар өгөхийг ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас шаардсан боловч Кремлийн талаас татгалзсан хариу өгсөн байна. Үүнээс гадна Оросын зэвсэгт хүчин нэг шөнийн дотор Украины хойд болон зүүн хэсэгт, тэр дундаа Чернигов, Сумы, Харьков, Донецк зэрэг фронтын бүс нутгийг хамруулан олон арван пуужин, нисгэгчгүй онгоцнуудаар цохилт өгсөн байна.