2023 оноос хойш цэцэрлэгт хамрагдах хүсэлт гаргасан хүүхэд бүрийг сугалаа явуулахгүйгээр бүрэн хамруулдаг болсон. Тэгвэл 2024-2025 оны хичээлийн жилийн сургуулийн өмнөх боловсрол хамрагдах хүүхдүүдийн 1-р шатны бүртгэл энэ сарын 1-ээс 18-ны өдрүүдэд улсын бүртгэлийн ерөнхий газрын хаяг, байршлын мэдээллийн санд тулгуурлан “Е-Монголиа” системээр бүртгэж дууссан байна. Нийт суралцагчдыг нийслэлийн боловсролын газрын тогтоосон хамран сургах тойргийн дагуу хуваарилалтыг хийжээ. Эхний шатны бүртгэлд 103 мянга 600 хүүхэд бүртгүүлсэн байна.
Тэгвэл эцэг эхчүүдийн зүгээс цэцэрлэгтээ хуваарилагдсан хэдий ч нэр давхацсан, утсанд нь мессеж ирээгүй гэх шалтгаанаар бүртгээгүй, гэрээсээ хол, хувийн өмчийн өндөр төлбөртэй цэцэрлэгт хуваарилагдсан зэрэг асуудлыг ярьж байгаа юм. Энэ талаар холбогдох байгууллагаас тодруулахад энэ жилээс эхлэн хувийн хэвшлийн цэцэрлэгтэй гэрээ байгуулж, төрөөс хувьсах зардлыг хоёр дахин үржүүлэн олгож, хоолны мөнгийг өгөх гэрээг хийсэн байна. Гэвч цэцэрлэгийн бүртгэлтэй зэрэгцэн зарим цэцэрлэгүүд төлбөрөө нэмсэн асуудал үүссэн гэдгийг хэлж байна. Тиймээс цэцэрлэгийн удирдлагуудтай хэлэлцэн төлбөрийг уян хатан байх шийдлийг хэлэлцжээ.
Мөн харьяаллын дагуу бус гэрээсээ хол хуваарилагдсан хүүхдүүд хүсэлт гаргаж өөрт ойр цэцэрлэгт хамрагдах боломжтой гэж салбарын сайдын зүгээс хэлсэн байна.
Цэцэрлэгийн 2-р шатны цахим бүртгэлийг 9-р сарын 5-аас 15-ны өдөр хүртэл зохион байгуулах юм байна. Хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт бүрэн хамруулах зорилгоор ачаалал өндөртэй дүүрэг, хороодын мэдээллийг гаргаж, нийт 11.768 хүүхдийн хүчин чадалтай 94 байрыг сургалтын зориулалтаар түрээслэхээр шийдвэрлэсэн байна. Мөн хамран сургах тойрог тогтоолгосон хувийн 274 цэцэрлэгт 15.000 хүртэлх хүүхдийг хамруулахаар төлөвлөжээ.